Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр (2024.02.27) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ата Бейит” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын эхэнд тус улсын Парламентын дарга Н.Шакиев хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай хоёр улс түүх, өв соёлын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд юм. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, өнгөрсөн жил манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдлууд болж өнгөрсөн. Тодруулбал, Киргиз Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай чухал түншийн нэг болохыг нотолж, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал юм. Эдгээр айлчлалууд нь манай хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн дурдлаа. Түүнчлэн дээрх айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг 2023 онд нээсэн нь манай хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг тэмдэглэхэд таатай байна хэмээгээд, цаашид хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, Бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх, аялал жуулчлалын тур операторуудын хэлхээ холбоог тогтоож иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцлов.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ, Байнгын хороод, Парламентын бүлэг, Тамгын газрын түвшинд харилцан айлчлах, ажил хэрэгч уулзалтыг идэвхжүүлж, санаачилгатай ажиллах талаар хэлэлцэж санал нэгдлээ.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүгээр талууд хоёр улсын парламент хоорондын зөвөлгөөний байнгын механизмыг байгуулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Хэлэлцээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн гишүүн Т.Аубакир, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анадбазар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, Бүгд Найрамдах Киргиз Улсын талаас Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев, Жогоржу Кенешийн орлогч дарга Н.Азыгалиев, Жогоржу Кенеш дэх Киргиз-Монголын найрамдалын бүлгийн ахлагч У.Бакасов, Жогоржу Кенешийн гишүүн А.Турсунбаев, А.Маткеримов, Б.Түлөбаев, Б.Чойбеков, Т.Сарыбашев, Б.Тентитев, А.Надыров нар байлцав.