Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Өвөлжилт хаваржилт, цас зудны нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдсан Засгийн газрын хурлаар УОК-т өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, улс орон даяар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 30 тэрбум гаруй төгрөг гаргаж, малчдад хоол хүнс, эм тариа, малын өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын зургаан баг өнгөрсөн долоо хоногт орон даяар тарж ажиллалаа. Засгийн газрын гишүүд газар дээр нь ажиллаж ирээд тодорхой санал хүсэлт боловсруулж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргалаа. Засгийн газраас “Малчдад туслая – Хамтдаа давна” сайн үйлсийн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны талаарх арга хэмжээг дэлгэрэнгүй ярилцлаа. Үүнд долоон асуудлыг чухалчлан авч хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, 14 аймгийн 111 сумдад төмөр болон цагаан зуд нүүрлэсэн. Малчдад нэн шаардлагатай байгаа хүнс тэжээл, эм тариа, өвс хивгээр туслах зэргийг хэлдэлцэж шийдвэрлэлээ. 

Хоёрдугаарт, малчны зээлийн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, сүүлийн 49 жил ороогүй их хэмжээний цас орсон. Малын хорогдол ихээр гарах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 2.2 сая мал хорогдсон гэсэн дүн мэдээлэл гарсан. 3, 4 дүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж хэдэд хүрэхийг таашгүй. УОК-ын зүгээс эрсдэлийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийж байгаа. Мал их хэмжээгээр үрэгдэж болзошгүй учраас малгүй болсон малчдыг малжуулах талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээрт, гурилын үнийн өсөлт малчдад хүндрэл үүсгэж байна. 50 кг нэгдүгээр гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж буй нь орон нутагт байгаа малчдад сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг мөн хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Тавдугаарт, оюутан сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулахаар хэлэлцсэн. Засгийн газрын зүгээс энэ асуудлаар БСШУ-ны сайдад үүрэг чиглэл өгсөн. 

Зургадугаарт, ковидын нөхцөл байдлаас үүдэн Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сумдад туулах чадвар сайтай машин олгох ажил зогссон байсан. УИХ, ЗГ-аас тогтоол өргөн барьж Хэмнэлтийн хуульд өөрчлөлт орсон. Автомашины парк шинэчлэл хийх эрх нээгдсэн.  

Арваннэгдүгээр сарын 3-нд орсон их цасны улмаас Засгийн газар аймаг орон нутгуудын удирдлагуудад зөвлөмж өгч, малыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байсан. Хариуцлага алдсан субьектуудад хариуцлага тооцно.

С.ОТГОН

Таны сурталчилгаа