Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна.
Тус айлчлалын үеэр “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан.
Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэнтэй уулзаж, хоёр орны иргэдийн эрх зүйн туслалцаа, тэдэнд тулгамдаж буй түгээмэл асуудал болоод ирээдүйд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хоёр орны иргэдэд харилцан эрх зүйн болон шүүхийн туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Макаогийн иргэн, аж ахуйн нэгжийн маргааны асуудлыг илүү хурдан, цаг хугацаа алдахгүйгээр, харилцан мэдээлэл солилцох, нээлттэй шийдвэрлэх чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлогын олон ажлууд хийж байгааг Б.Энхбаяр сайд танилцуулаад хоёр орны соёл, газар нутаг, цаг агаар, байгалийн өвөрмөц, ялгаатай шинж чанар нь технологийн эринд амьдарч байгаа шинэ үеийн аялагчдын анхаарлыг татах давуу тал болох боломжтойг хэллээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэн Макаогийн нэрийн хуудас нь аялал жуулчлал бөгөөд энэ чиглэлд хуримтлуулсан арвин туршлага, менежменттэйг хэлээд олон улсын аялал жуулчлалын жишиг хөтөлбөртэй Макаогийн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах боломж нээлттэй байгааг тодотгов.