Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр (2024.02.28) Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаас нь хойш удалгүй Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн үзэглэж Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ын заалтууд хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, дотны нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүслээ. Тэрбээр, хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй, зам тээвэр, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй  хөгжиж  байгааг тэмдэглэсэн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Киргиз Улсад айлчлах үеэр тус улсын талаас санал болгосон “Кыргызалтын” компанийн технологийн тусламжтайгаар монголд алт цэвэршүүлэх санал хэрэгжиж эхэлсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт гардуулан өглөө.  

Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 21 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев, Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров нартай хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг байгуулснаас гадна, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, эдгээр баримт бичиг нь тухайн салбарууд дахь эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

Мөн хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз улсаар дамжуулан Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийгдсэнийг дурдав.

Таны сурталчилгаа