Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дэд сайд Б.Солонгоо, Хууль зүйн бодлогын газрын дарга, шинжээч мэргэжилтнүүд, “Транспэрэнси Интернэшнл” ТББ, “Нээлттэй нийгэм форум”, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Ажлын алба, ТАН эвсэл, салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцов.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартын авлигын индексийг бууруулахад анхаарах асуудлууд, Эрдэс баялгийн салбар, түүний ил тод байдал, тулгамдсан асуудал, Монгол Улсад олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилт, цаашдын чиглэл, орон нутаг ба уул уурхайн харилцаа, итгэлцлийг сайжруулахад ил тод байдлын гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл өгч, оролцогчид санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус хуулийн төслийг танилцуулсан бөгөөд хуулийг батлуулан хэрэгжүүлснээр
-Олборлох үйлдвэрлэл дэх төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны ил тод байдал сайжрах,
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын дэвшилтэд хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц бий болох,
-Олборлох үйлдвэрлэл дэх авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, таслан зогсоох нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж, олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой болох,
-Олборлогч компаниуд ялангуяа төрийн өмчит аж ахуйн нэгжийн зардал буурснаар ашигт үйл ажиллагаа нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэх,
-Олборлох үйлдвэрлэлээс төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт ил тод болсноор баялгийн сан зэрэг баялгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх сэдлийг үр дүнтэй болгож бэхжүүлэх,
-Засгийн газар, компаниудын удирдах болон шийдвэр гаргах эрх бүхий ажилтнуудын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, салбарын оролцогчдыг тодорхой болгож, олон нийт үнэн зөв мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх,
-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад томоохон эерэг нөлөө үзүүлэх үр дүн гарахыг танилцуулгадаа дурдав.