Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн иргэн Г нь 2023 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тус сумын “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа гэх дуудлагыг 2024 гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. Гуравдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт эхлүүлсэн.  

Баянхонгор аймаг, Богд сумын Буянт багийн "Шавгын-Ус" гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Л нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 05:14 цагт Онцгой байдлын албанд өгчээ. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэнтэй хамтран малчин Л/82 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 22:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.