Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хурлаар холбогдох бодлогын бичиг баримтуудыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, “Онцгой байдлын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого”, “Улсын нөөцийн агуулахын барилга, байгууламж, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах 2024-2028 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр”, шинэчлэн боловсруулсан “Шуурхай ажиллагааг зохион байгуулалтын журам”-ын төслийг тус тус хэлэлцэн, баталсан юм.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиудын хүрээнд хүүхэд нийгмийн бүх орчинд, хүчирхийллийн аливаа хэлбэр /дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдал/-ээс хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл болон төрийн онцгой халамж, хамгаалалтад байх шаардлагатай болохыг хуульчилсан.

Энэ дагуу Онцгой байдлын байгууллагын хэмжээнд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас “Онцгой байдлын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого”-ыг боловсруулан батлууллаа. Бодлогын хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага бүр хүүхэд хамгааллын асуудлаар "Эцэг эхийн зөвлөл"-ийг байгуулах бөгөөд хүүхэд хамгааллын чиглэлээр төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллах юм.