Цаг үеийн мэдээ

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Эстони улсын дунд сургуулиуд нь үндсэн хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдгаа сургуулийн онцлог гэж тодотгож байв. Тус дунд сургууль нь үндэсний хөтөлбөртөө нийцсэн өөрийн сургалтын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлдэг. Өдөр бүр багадаа нэг удаа 20 минут гадаах талбайд хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн сурагчид сургуулийн анги танхимыг хичээлийн бус цагаар 17:00 цаг хүртэл чөлөөтэй ашиглах боломжтой.

Энэ сургуулийн сурагчид 1 дүгээр ангиасаа Англи хэл, 6 дугаар ангиасаа Орос, Герман хэлийг сонголттойгоор сурах боломжтой. Мөн 1 дүгээр ангиас эхлэн бүх сурагчид дижитал технологи ашиглалт, Робот техникийн сургалтад хамрагддаг хөтөлбөртэй байна.

Сурагчид сургуульд ирж суралцахгүйгээр цахимаар бие даан суралцах боломжтой. Цахимаар суралцах сурагч нь бие даан суралцах сургалтаа авч цаг тухай бүрд бие даалтаа багшдаа илгээн 3 сар тутам нэг өдөр сургуульд биеэр ирж суралцдаг.

Хичээлээс гадуурх хөтөлбөрт 20 гаруй сайн дурын клуб үйл ажиллагаа явуулдаг. Тухайн клубийн үйл ажиллагааг сургуулийн багш дэмжин ажилладаг.

Талинн хотын боловсролын газраас багшийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд Багш мэргэжлээр суралцаж буй оюутныг 2 дугаар дамжаанаас эхлэн сургуульд ажиллах, дадлагажих боломжийг олгодог. Ажиллаж буй багш, ахлах багш, удирдах ажилтныг чадавхжуулахдаа өөр салбарын бизнесийн байгууллагад 3-9 сарын хугацаатай давхар ажиллуулан суралцуулдаг байна. Энэ нь тухайн сургуульд бизнесийн удирдлага, менежментийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд сайн үр дүн үзүүлдэг юм байна.

Сургууль нь багш ажилтны үйл ажиллагаанд Ekool.eu үндэсний платформыг ашигладаг. Энэхүү платформыг энэ хичээлийн жилээс эхлэн лицензтэйгээр ашиглуулдаг болжээ. Багшийн сургалтад дижитал материал, контентыг бүрэн ашигладаг болсон тул цаасан материал ашиглалт маш бага тухай сургуулийн удирдлагууд танилцууллаа.

Багш сурагчид бүгд GOOGLE WORKSPACE, Chromebook ашиглан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургуулиас сурагч бүрийг Chromebook-ээр хангадаг байна.