Цаг үеийн мэдээ

Өчигдөр 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркын автомашин Hyundai Verna маркын автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 8 хүүхдийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдсэн. Ослын улмаас нэг хүүхэд амь насаа алдсан.

Уг ослын талаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга Б.Төр-Эрдэнээс тодрууллаа.

-Тухайн ослын талаар та мэдээлэл авсан уу?

-Өчигдөр мэдсэн даруйдаа эмнэлэг рүү очсон. Дөрвөн хүүхэд яаралтай хагалгаанд орсон. Хороон дарга хүүхэд хамгааллын багийн ахлагч гэдэг утгаараа хүүхэд холбогдсон аливаа хэрэгт заавал байх ёстой. Хүүхдүүдийн хагалгаа дуустал шөнийн 03:00 цаг хүртэл эмнэлэг дээр ар гэрийнхэнтэй нь цуг байсан. 

-Хагалгаа амжилттай болсон уу. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байсан бэ?

-Хагалгаа хийсэн эмч нь нэлээд хүнд байна гэсэн.  Ар гэрийнхэн нь нэлээд айж түгшсэн байдалтай харагдсан. Нэг айлын гурван хүүхэд байгаа. Хүүхдүүд 49 дүгээр сургуульд сурдаг. Хичээлээ тараад бөөнөөрөө харьж явсан. 49 дүгээр сургуульд сурдаг ч харъялал нь 13 дугаар хорооны хүүхдүүд юм билээ. 

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Өчигдөр Хайлаастад гарсан ослын улмаас зургаан хүн манайхаас тусламж үйлчилгээ авсан. Нэг том хүн, таван хүүхэд байна. Том хүн, хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа. Хоёр хүүхэд нь хүүхдийн мэс заслын тасагт, нэг нь толгойн мэс заслын тасагт хэвтэн үйлчлүүлж байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, хавсарсан хүнд гэмтлийн шаардлагатай тусламж үйлчилгээ болон төлөвлөгөөт эмчилгээг хийж эхэлсэн. Шаардлагатай бол мэс засалд оруулна. Нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна. Ар гэрийнхэн нь сэтгэл зүйн хувьд хүнд шоконд орсон байдалтай байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна” гэлээ.

ЦЕГ-аас ослын талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Өчигдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр машин мөргөлдсөн осол гарсан. Уг осолд явган замаар зорчиж явсан хүмүүс гэмтсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулаад хэлбэл бага насны хүүхдүүд тухайн осолд өртөж хохирсон. 16 настай нэг иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Жолооч нар эрүүл байсан. Ямар нэгэн согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй, эмэгтэй хүн байсан. Хааз тормосоо андуурч гишгэсэн үү, зэрэг гишгэсэн үү гэдэг нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоно. Цагдаагийн байгууллагад 2024 оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон тохиолдол 149 бүртгэгджээ. 4-16 насны зургаан хүүхэд, нэг том хүн тухайн ослын улмаас гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна. Тухайн гэмтэж бэртсэн иргэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа” гэв.

С.ОТГОНБАЯР