Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголоо. Энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

Түүний хувьд 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм.