Цаг үеийн мэдээ

Ф.Херольдын “Муу хамгаалагдсан охин” буюу “La Fille mal gardee” балет манай театрын тайзнаа “Дэггүй Лиз” нэрээр үзэгч та бүхэндээ анх 2017 оны 05- сарын 31, 06-р сарын 01нд   хүрсэн түүхтэй.

УДБЭТ-ын хамт олон тус балетыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 06-р сарын 01-ны  өдрийн 17:00 цагт тоглохоор төлөвлөөд байна.  Тус  балет нь энэ  удаад 4 жилийн  дараа  театрын тайзнаа  тоглогдож хүүхэд багачуудынхаа  хүртээл болох  гэж  байна. 

Ф.Херольд “Дэггүй Лиз” балетын тухай

 Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд  Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La rйprimande” орчуулбал “Зэмлэл”гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг.  Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байсан бол өдгөө“La Fille mal gardee” балет дэлхийн театрууд хоёр үндсэн хувилбараар тоглож, өнөөгийн үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэг нь Германы хөгжмийн зохиолч П.Л.Хертелийн хөгжим Александр Горькийн хувилбар.  А.Горький энэ хувилбарыг 1903 онд Большой театрт анх тавьж байжээ. Хоёр дахь нь 1960 онд Рояаль театрт тавьж байсан Ф.Херольдын хөгжим, балетмейстер Ф.Аштоны дэглэн найруулсан хувилбар юм. 

Дүрүүд:

Лиз - Үзэсгэлэнтэй залуу охин

Колен - Лизийн хайртай залуу, жирийн ард

Симона - Лизийн ээж. Охиноо баян хүнтэй гэрлүүлэхийн бөөн хүслэн

Томас /банкны эзэн/ - Тухайн нутгийн баян эрхэм, банкны эзэн 

Ален /томасын хүү/ - Томасын хүү, бага зэрэг мулгуу боловч гэнэн цайлган залуу

Хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын тухай 

Францын хөгжмийн зохиолч Фердинанд Херольд 1791 онд Парис хотноо төгөлдөр хуурч, ая зохиогч Францесс Херольд болон Жеанна Паскалын ганц хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Никольс Херольд мөн орган хөгжимчин байжээ. Түүний хөгжмийн авьяас бусад суут хөгжимчдийн адил бага наснаасаа тодорчээ. Тэрээр зургаан настай байхдаа Ж.Фетигээс хөгжмийн онол сурч эхэлсэн ба долоон настай байхдаа төгөлдөр хуур хөгжмийг чадварлаг тоглохоос гадна хэд хэдэн төгөлдөр хуурын ая зохиосон байжээ. Гэвч түүний эцэг Херольдийн хөгжимчин болох  хүсэл мөрөөдлийг эсэргүүцдэг байв. 1802 онд түүний эцэг харамсалтайгаар нас барж, түүний хөгжмийн карьер жинхэнэ эхэлсэн гэж үздэг. 1806 онд тэрээр Парисын Хөгжмийн Дээд Сургуульд элсэн орж, сурч байх хугацаандаа төгөлдөр хуур, хийл хөгжмийг чадварлаг эзэмшсэн нэгэн байв. Фердинанд Херольд сонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан  хөгжмийн зохиолч бөгөөд 22 дуурь, 6 балет, хэд хэдэн хөгжмийн зохиол бичсэн байна. Тэдгээрээс хамгийн алдартай бүтээлүүд нь  “Zampa” дуурь болон “La Fille mal gardee” балет юм.

Таны сурталчилгаа