Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаад хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, хэрэгжиж эхлээд байна. Хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн 14 реформыг хийхээр төлөвлөсөн. Тэр дундаа ойрын хугацаанд эрчим хүчний реформ хийнэ. Мэргэжлийн экспертүүдийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Үүнд Дэлхийн банктай хамтарч ажиллах саналаа илэрхийллээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын үеэр хамтарсан Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, түгжрэлийг сааруулахад анхаарч ажиллана. Энэ зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд  дагуул хот байгуулж байна. Дагуул хотын бүтээн байгуулалтад Дэлхийн банктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн банк хамтарсан Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, тэр дундаа эрчим хүчний реформ, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгааг Дэлхийн банкны төлөөлөл сайшааж хүний нөөц, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хамтарч ажиллах боломжтой гэлээ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран ажиллах цогц төлөвлөгөөг гаргах нь зүйтэй гэв.

Мөн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа талууд онцлон тэмдэглэлээ.

Таны сурталчилгаа