Есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Зөгий.мн сайтын Говь-Алтай аймагт ажилласан. Редакцын зүгээс баримт нотолгоонд үндэслэн хэд хэдэн асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаас тодруулах асуултууд тавьсан. Гэвч тодруулга, мэдээ бэлтгэсэн сэтгүүлчийг өрөөнд дайран орсон, нэр төрд халдсан хэмээн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар шалгуулахаар Засаг Даргын Тамгын газрын сайт дээрээ мэдэгдэл хэлбэрээр байршуулан мэдэгдсэн байна. Зөгий.мн сайтын зүгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга Чинбатыг өөрийн хамаарал бүхий компаниараа төрийн албанд байхдаа тендер болон зөвшөөрөлгүй хайрга дайргаар бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж хувьдаа Хово машин, механизмтай иргэн Наранхүү, Батбилэг болон бусад хууль бус олборлолт хийдэг иргэдэд захиалга өгч авдаг талаар өөрөө хэлсэн байдаг.
Зөгий.мн сайт тодорхой баримтад тулгуурлан:
2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн хурал дээр Засаг Дарга Г.Чинбатын өгсөн тайлбарт: Хууль бусаар хайрга дайрга олборлож байгаа “НИНЖА” нараас дээрх түүхий эдийг авдаг гэж хэлснийг Бүлгийн хуралд суусан төлөөлөгч нар гэрчилнэ. Мөн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дээр Засаг дарга Г.Чинбат нь манай компани дээр очиж үзээрэй. Хайрга, дайрга байхгүй. Мөн 2020 оноос хойш тендерийн ажил аваагүй гэж хэлсэн боловч хайрга, дайрга хашаандаа буулгасан нь бичлэгт бий. Өдөр бүр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Иймд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбаттай холбоотой эрх мэдлээ хэтрүүлэн одоо хүртэл ажил нь дуусдаггүй, төсвийг нь анх авсан үнээс 2 дахин нэмэгдүүлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй Бугат сумын соёлын төвийн ордон, 2 удаа төсөв тавин зарласан Бугат сумын Спорт заал, бетон зуурмагийн үйлдвэртээ зөвшөөрөлгүй хайрга дайрга авдаг гэх асуудлууд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж буй тул АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байна.