Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй боксын "Улаанбаатар-2024" дэлхийн цомын тэмцээнтэй холбогдуулан ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин тус холбооны ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстыг хүлээн авч уулзлаа. Энэхүү тэмцээн нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 10 гаруй орны 170 тамирчид оролцож байна. Тэмцээний хүрээнд тамирчдад Дэлхийн боксын холбооны эрэмбийн оноо олгох юм.
Уулзалтын үеэр боксын спортын ирээдүйн хөгжил болон хүний нөөцийг сайжруулах талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэх, тив дэлхийн наадмуудад амжилтаа ахиулах, спортын авьяасыг нээн илрүүлэх, холбоодод дэмжлэг үзүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлж буй талаараа танилцуулав.
Ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстын зүгээс Монгол Улсыг Ази тивээс анхны Дэлхийн боксын холбооны гишүүн орон болсонд талархаж, Улаанбаатарт анхны боксын дэлхийн цомыг амжилттай зохион байгуулж буйг өндрөөр үнэлж, цаашид боксын спортыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.