Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр яам, харьяа байгууллагын удирдлагуудын хамт Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзав.

Иргэдээс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, чанар, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, шинэ барилга болон өргөтгөл, багш ажилтнууд, сургууль орчны аюулгүй байдал, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамран сургах зэрэг асуудлаар санал хүсэлт илэрхийллээ. Түүнчлэн тэтгэвэрт гарсан багш нар болон энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулах, шинжлэх ухааны чиглэлээр багшлах эрх олгох зэрэг багшийн хомсдолыг нөхөх бодлогыг дэмжиж буйгаа хэлж байв.

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Боловсролын яам, харьяа байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд 10-р сарын 1 хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.

Таны сурталчилгаа