Dark Light
Урлаг соёл | 2025-06-10

Д.НЯМСАМБУУ: ШАШНЫ ТАЛААР БОДИТОЙ ХАРУУЛСАН УРАН БҮТЭЭЛ БАЙДАГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Орос монгол 2 шуламс ганц охины чинь толгойг залгиж дээ. Энэ бол зүгээр нэг зүйрлэл биш. Монголын бурхны шашин, түүний институцийн эсрэг чиглэсэн үзэл суртлын довтолгоо.

Социалист нийгмийн үед бурхны шашныг хориглож, хязгаарласан. Үүний нэг илрэл нь уран бүтээлүүдэд шашныг сөрөг дүрээр харуулах явдал байв. Тухайн цаг үед бүтээгдсэн кинонууд шашин, сүсэг бишрэлийг ухамсрын доройтлын хэлбэр гэж харуулдаг байсан. Энэ нь үзэл суртлын бодлогын нэг хэсэг байв.

Лениний “Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн хүчтэй” гэсэн үг социалист системийн уран сайхны чиг баримжааг тодорхойлсон. Кино бол зөвхөн соёл биш, үзэл суртал түгээх зэвсэг байсан. Үүнийг ашиглан шашныг гутаах, түүхийг өөр өнцгөөс бичих ажилд бүтэн үеийн уран бүтээлчид дайчлагдсан.

Жишээ нь, Өглөө кинонд VIII Богд Жавзандамба Сүхбаатарт хор өгч алсан хэмээн дүрслэгддэг. Энэ бол шууд гүтгэлэг, гуйвуулсан түүх юм. Сүхбаатарын нас баралт өвчний улмаас болсон гэдэг нь түүхчдийн дунд тодорхой ойлголттой байдаг. Гэвч тухайн үед энэ кино бүтээгдэж, олон нийтэд хүрсэн ч үүнийг эсэргүүцсэн, няцаасан түүхч бараг байгаагүй.

Гавж Д.Нямсамбуу энэ тухай “Тэр кинонд Богд Сүхбаатарт хор өгөөд алчихдаг. Гэтэл Сүхбаатар түүхэн хүн, Богд ч бас түүхэн хүн. Ийм гуйвшгүй баримтыг гүтгэж болохгүй. Тэр үед түүхчид дуугараагүй нь өөрөө аймаар” гэж шүүмжилсэн байдаг.

Мэдээж хэрэг, шашны хүрээнд ч сайн муу хүмүүс байсан. Энэ нь аль ч институцид байдаг зүйл. Гэхдээ шашин бол хувь хүнээс давсан, олон зуун жилийн туршид монголчуудын итгэл үнэмшилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тогтолцоо. Түүнийг дан ганц сөрөг талаас нь харуулж, бүтэн арваны турш системтэйгээр харлуулсан нь одоо эргэн харах ёстой асуудал.

Өнөөдөр Гандантэгчинлэн хийд болон буддын шашны байгууллагууд энэ буруу ойлголтыг залруулахын төлөө тодорхой ажил хийж байна. Нийгмийн сэтгэл зүй, түүхэн үнэн, шүтлэг бишрэлийн орон зайг зөв танин ойлгуулах хэрэгцээ өнөөдөр урьдынхаас ч илүү мэдрэгдэж байна.

Энэ талаар иргэдийн байр суурийг сонсов.

Иргэн 1: Яах вэ, урлаг соёл гэдэг өөрөө хүмүүсийн үзэл бодолд шууд нөлөөлдөг эд шүү дээ. Тэрийг ашиглаад л тухайн цаг үеийн үзэл суртлыг дамжуулж ирсэн. Социализмын үед бүр ч илүү. Шашныг муухайгаар харуулах гэж кино, жүжгээр дамжуулаад л... тэр нь хүмүүсийн тархинд суучихдаг.

Иргэн 2: Тийм ээ. Тухайн үед урлаг бол зүгээр л үзэл суртлын хэрэгсэл байжээ гэж харагддаг. Ленин өөрөө “Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн хүчтэй” гэсэн байдаг шүү дээ. Нээрээ л хүмүүсийг чиглүүлэх, хүмүүжүүлэх хэрэгсэл болгоод ашиглачихсан. Тэгээд одоо эргээд харахаар түүхийг хүртэл гуйвуулаад, шашныг харлуулах зорилго агуулчихсан байж дээ.

Иргэн 3: Би ч бас тэгж боддог. Гэхдээ бурхан шашны гол агуулга, сургаал бол яг үнэндээ хүмүүжил, өөрийгөө танин мэдэх явдал шүү дээ. Хүмүүс тэрийг нь ойлгож аваад өөрийгөө засдаг, гэгээрэх гэж оролддог. Харин нөгөө талаас тэр үеийн кинонууд нэг л талыг барьж, бараг л Богдыг хор өгч Сүхбаатарыг алсан мэтээр харуулдаг нь арай л түүхэн хариуцлагагүй хандлага санагддаг.

Иргэн 1: Тийм ээ, яг тэр “Сэрэлт” ч бай, өөр кино ч бай... тухайн үед түүхийг нэг өнцгөөс харуулчихсан. Гэхдээ одоо хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон. Урьд нь бол “төр хэлж байгаа бол үнэн” гээд л хүлээж авдаг байсан, одоо бол арай өөр шүү дээ. Ядаж л асууж эргэцүүлдэг болсон.

Иргэн 2: Бас нэг зүйл нь, тухайн үед тэр шашныг харлуулж байхад бүхэл бүтэн уран бүтээлчид, зохиолчид, бүр яам тамгын газар нь оролцсон гэдэг нь их сэтгэл эмзэглүүлдэг. Дэндүү системтэй харлуулалт байсан. Гэтэл түүхийн үнэн гэдэг юм чинь үнэн чигээрээ байх ёстой биз дээ?

Иргэн 3: Тийм. Хүн бүр л сайн муутай, шашин ч өөрөө муу хүнтэй байж л таарна. Гэхдээ тэр институц, итгэл үнэмшлийг бүхэлд нь үгүйсгэж, дарах гэдэг бол өөр хэрэг. Одоо л жинхэнэ түүхээ эргээд харах цаг болсон гэж бодож байна.

Гавж Д. Нямсамбуу: Би ер нь зүгээр л юм үнэн байх ёстой гэж боддог хүн. XXI зууны Монголчууд бид заримдаа "за энэ бол болохгүй юм байна" гээд л зарим зүйлийг өөрчлөх гээд байдаг. Мэдээж уран бүтээл гэдэг өөрөө үнэ цэнтэй зүйл, урлагийн эрх чөлөө гэж бий. Гэхдээ алтан үеийн уран бүтээлүүд, ялангуяа социализмын үед бүтээгдсэн зарим кинонд тухайн үеийн үзэл суртлын нөлөө маш гүн шингэсэн байдаг.

Тиймээс л тайлбарт нь “Энэ бол тухайн цаг үеийн суртал ухуулгын хүрээнд хийгдсэн бүтээл, заавал үнэн байх албагүй” гэдгийг тодотгож бичих хэрэгтэй. Ядаж ингэж ч чаддаг байх ёстой.

Зүүн Европын зарим улс социализмын үед хийгдсэн иймэрхүү худал хуурмаг бүтээлүүдээ бүрэн хориглож, хасаж чадсан. Тэгснээрээ тэд үнэнд илүү дөхсөн, шинэ, эрүүл зам руу орж чадсан гэж би боддог.

Харин бид бол одоо болтол нөгөө л социализмтайгаа зууралдаад, түүний сүүдрээсээ гарч чадахгүй байна. Тэр үеийн кинонууд өнөөдөр ч гарсаар, олон нийтийн үзэл бодолд нөлөөлсөөр байгаа нь өөрөө асуудал.

Бид алдаагаа хүлээн зөвшөөрч, түүхээ үнэнээр нь бичих ёстой. Оросуудын бичиж өгсөн, хүрэн хавтастай “Монголын түүх” гээд байдаг ном бий. Үнэндээ тэр нь ор үндэсгүй, гуйвсан зүйл дүүрэн.

Үнэн гэдэг өөрөө заримдаа хатуу, аймаар ч юм шиг санагддаг. Гэхдээ л үнэн л сайхан. Үнэнтэй нүүр тулах мөчид зарим хүн “ямар аймаар юм бэ”, “яагаад ингэж бичиж байсан юм бэ” гээд уйлж ч магадгүй. Гэсэн ч үнэн гэдэг л жинхэнэ үнэ цэнэ шүү дээ.

Энэ талаар иргэдийн байр суурь:

Иргэн 1: Тийм ээ, ер нь хэн ч байсан хамаагүй хүүхэд ч бай, хөгшин хүн ч бай тухайн хүн өөрөө тэр зүйлээ яаж ойлгож байна вэ гэдгээс л бүх юм шалтгаална. Одоо тэр үеийн юмыг хүмүүс өөр өөр өнцгөөс л харж байна. Нэг нь магтана, нөгөө нь шүүмжилнэ. Тэгээд ч тухайн үед хүмүүсийн ухамсар, боловсролын түвшин өөр байлаа шүү дээ.

Иргэн 2: Харин тийм. Би лав бол харьцангуй гайгүй, хүмүүс тийм амархан хууртаагүй гэж боддог. Гэхдээ социализмын үед чинь шашин бол хаалттай сэдэв байсан нь үнэн. Түүх номоос харсан ч 1937 оны эсэргүү нарын хэрэг, лам нарын баривчилгаа, устгал, хориг гээд л олон зүйл бий шүү дээ. Шашныг бол бараг л хориглож байсан. Үүнийг үгүйсгэх аргагүй.

Иргэн 3: Тухайн үе бол тухайн үеийн л цаг төртэй байсан байх. Тэр л цагийнх нь онцлог. Харин одоо бол арай өөрөөр харж, ойлгож байна. Урлагийн бүтээлүүдээр дамжуулаад, зарим зүйлийг хэтрүүлэгтэй харуулж, нэг талын өнцгөөс харуулсан ч юм шиг санагддаг. Тэр кино, уран бүтээлүүд нь хүмүүсийг арай нэг тийш нь хөтлөх зорилготой байж л дээ гэж бодогдоод байдаг.

Гавж Д.Нямсамбуу: Шашны тухай бодитойгоор харуулсан уран бүтээл ерөөсөө бараг байдаггүй юм байна лээ. Зохиол дотроо шашныг муулсан хэсэг оруул гэж шаарддаг байлаа шүү дээ. Бараг л өөр сэдвээр бичиж байсан зохиол дотор ч тийм үг хавчуулахыг шахдаг байсан. Тийм болохоор л урьдын кинонууд дунд шашныг зориуд дайрч, доромжилсон, шударга бусаар гутаасан хэсгүүд маш олон гардаг юм. Энэ бүхэн үнэндээ харамсалтай. Ийм хуучны, үзэл суртлын өнгө аястай бүтээлүүдийг дахин дахин гаргах шаардлагагүй гэж бодож байна. Жишээлбэл, ядаж л дүйчин өдрөөр ийм кино, контент гаргахгүй байхыг уриалмаар байна.

Бурхны шашны талаар сүсэгтнүүдээс асуулаа.

Иргэн 1: Бурхны шашин ер нь байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хүнийг хүмүүжүүлэх тал дээр маш их ач холбогдолтой гэж би боддог. Бид багадаа “энэ болохгүй, нүгэл”, “тэрийг хийж болохгүй” гэж сонсдог байсан нь үнэндээ байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах хүмүүжил байж. Жишээлбэл, усанд цагаан юм хийж болохгүй, усны эх рүү бохир зүйл хийж болохгүй, шанага манагаа хүртэл усаар хутгуулдаггүй байсан. Мөн нойтон мод авч болохгүй, модыг хайрлаж хүндэл гэдэг байв. Энэ бүхэн чинь хүмүүжлийн маш чухал хэлбэр байсан юм шүү дээ.

Иргэн 2: Шашин гэдэг чинь ер нь хүнийг дотоод бодол, ухамсрын хувьд гэгээрүүлдэг зүйл. Гэхдээ сүүлийн үед зарим залуус шашныг яг утгаар нь ойлгохгүй, муу зүйл мэт хүлээж авдаг болчихсон. Зарим нь бүр “мунхруулж байна” ч гэж ярьдаг. Гэтэл үнэндээ яг судлаад, утгыг нь ухаараад ирэхээр чинь шашны гүн ухаан дотроо их гэгээрэлтэй, сэтгэлийг ариусгах хүчтэй байдаг юм билээ. Ялангуяа багш нарын номыг сонсоод байхад л ойлгогдоно.

Иргэн 3: Би өөрөө социализмын үед ажиллаж байсан хүн. Тэр үед шашны талаар ярьж болохгүй, сонсох ном ч олдохгүй байсан. Харин одоо багш нарын номыг уншиж, лекцүүдийг нь сонсож байхад “Өө, ийм юм байдаг байж” гэж их зүйл ойлгож, ухаарах болдог. Бурхны шашны гол үзэл нь угаасаа ёс зүй, энэрэл, хүнлэг байдал шүү дээ. Хүнийг хайрлах, зөв амьдрах, бусдыг энэрэх ийм сэтгэлтэй хүн л тэр сургаалиас автах нь илүү байдаг гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14