УИХ-ын дарга Г.Занданшатар анхны цаснаар нохойгоо дагуулан ой модоор явж, цагийн байдлыг сайтар шинжээд, өвөл хүйтрэх төлөвтэйг түмэн олноо тунхаглан зарлав. Манай дарга тэнгэр хангайг төрийн мэргэн хараагаар нэвт харав уу, шарсан мах анддаггүй шар нохой нь шиншлээд мэдсэн үү, тэр хоёр өвөл их хүйтэн болохыг олж мэдсэн байна.
Ер нь “Өвөл хүйтэн болдог”-ийг Баянхонгорын хүн анх нээсэн гэж хэлж болно. “Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх алдарт нээлтийг хийсэн, гишүүн асан М.Билэгт өнөөдөр УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа нь яавч тохиолдол бус. Дарга, зөвлөх хоёр “Дөрвөн улирлаас хамгийн их хүйтэрдэг нь өвөл мөн, өвөл цас ордог, өвлөөр л өвөлждөг ” гэх мэтээр нухацтай ярилцаж, өвөл хүйтэн болдгийг ард түмэндээ зарладаг болов уу гэж судлаачид үзэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ард түмнээ цочоож сэрээх нь эрс нэмэгдсэн. Тэрбээр чуулганыг нээж үг хэлэхдээ төр бизнес хийх ёстой гэж тоглосон шинжгүйгээр мэдэгдлээ.
Хүмүүс цочин сэрээд, мэргэжлийн хяналтынхан гуанз ажиллуулбал хэн хянах юм бэ? Дүүргийн цагдаа баар, массажны газрын бизнес хийвэл яах вэ? Барилгын яамныхан байшин барьж зараад л, Сангийн яам 1-р давхартаа ломбард ажиллуулбал бид өрсөлдөж чадах уу? гэх зэргээр гайхаш тасарцгаав. Төрөөс гарын үсэг, элдэв зөвшөөрөл хүсэхээр төрийн баарнаас 10 шил архи авбал нэг бичиг гаргаж өгнө, төрийн массажаар үйлчлүүлж, бүтэн биеийн угаалга, тосон барианд 5 удаа орвол нэг зөвшөөрөл олгоно энэ тэр гэвэл яана даа гэж цочлоо.
УИХ-ын гишүүн Адъяасүрэн 2023 оны мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр “Баянхонгорын малчдын зээлийг хөнгөлөх банкуудыг дэмжих мөнгөний бодлого байна уу?” гэж тормолзон асууж, удаах шокийг үүсгэлээ. Улсын мөнгөний бодлого гэхээр л сонгогчдынхоо, зарим хэсэг бүлгийн авсан зээлийг өмнөөс нь хөнгөлөх, хүн бүрийн хувийн мөнгийг 76 гишүүн өмнөөс нь шийддэг өгүүлбэртэй бодлого гэж бодсон байх гэж таамаглаж байна. Эндээс хачин сонин асуулт нэг бус урган гарна. УИХ дөрвөн аргын тоо заадаг курс юм уу? Бодлогоо ойлгохгүйгээр баталж болох юм уу?
Баянхонгорын бас нэгэн гишүүн дараагийн шокийг тарьсан. Тэр бол бидон дээр зургаа мөнхжүүлж сонгогдсон, УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын даргын ширээн дээр картаа чангахан тавьж эрхэм гишүүдийг цочоолоо. Тэгвэл би больё гэсэн ч гишүүний үнэмлэх, өрөөнийхөө түлхүүр зэргийг хармаандаа үлдээж, зөвхөн гишүүний картаа ширээн дээр чулуудсан. Д.Ганбат нэг УИХ дахь АН-ын бүлгийг ганцаараа бүрдүүлсэн бөгөөд өөрөө асуулт асууж, өөрөө хариулж, өөрөө саналаа өгч ирсэн хүн юм. Баянхонгорын гишүүд хэдүүлээ энэ 7 хоногийг базна аа гэж ярьж тохирсон юм шиг олон түмнээ хөгжөөн баясгалаа.
АДМИН








Нийгэм







