Dark Light
Эдийн засаг | 2026-11-18

ТАЛХНЫ ҮНЭ ӨСӨХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Тээврийн зардал 40–65 хувиар өсөж, орон нутагт гурил, сүүний үнэ нэмэгдсэн нь талхны үнэд дарамт учруулах төлөвтэй.

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны арваннэгдүгээр сарын 16-ны байдлаарх Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн гол нэрийн барааны долоо хоногийн дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Уг статистик үзүүлэлтээс харахад нийслэлд өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.03 хувь, өмнөх сараас 2.0 хувиар өссөн байна.

Хэдийгээр Улаанбаатар хотод “Атар” талхны дундаж үнэ 2,922 төгрөгт тогтвортой харагдаж байгаа ч орон нутагт гурилын үнэ өсөж, хот доторх ачаа тээврийн зардал 40–65 хувиар нэмэгдсэн нь ойрын өдрүүдэд талх, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх бодит дарамтыг бий болгожээ.

ГУРИЛ, ТАЛХНЫ ҮНИЙН ХӨДӨЛГӨӨН БА СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЗӨРҮҮ

Арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотод 600 граммын савлагаатай “Атар” талх дунджаар 2,922 төгрөг, 1 дүгээр зэргийн гурил кг нь 2,529 төгрөгөөр худалдаалагдаж, өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна. Гэвч өнгөрсөн оны мөн үед 2,707 төгрөг байсан талхны үнэ нэг жилийн хугацаанд 7.9 хувиар, дээд гурил 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн аймгийн төвүүдэд 1 дүгээр зэргийн гурилын үнэ өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өсөж, кг нь 3,386 төгрөгт хүрсэн нь нийслэлийн дунджаас 857 төгрөгөөр илүү байна.

Зах зээлийн бодит байдал дээр томоохон хүнсний захуудад гурил, талх харьцангуй хямд зарагддаг. Тухайлбал, “Барс” худалдааны төвд “Алтан тариа” дээд гурил 3,200 төгрөг (хотын дундаж 3,508₮), 1 дүгээр зэрэг 2,300 төгрөг (хотын дундаж 2,529₮), 2 дугаар зэрэг 1,500 төгрөг (хотын дундаж 1,574₮) байна. Харин сүлжээ супермаркет болон жижиг хүнсний дэлгүүрүүдэд тээвэрлэлт, ашиг зэргээс шалтгаалан бөөний үнээс 150–300 төгрөгөөр илүү үнээр хэрэглэгчдийн гарт хүрч байна.

ШАТАХУУН БА ХОТ ДОТОРХ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТ

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд дизель түлш болон автобензиний үнэ голлох нөлөө үзүүлж байна. Арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар Улаанбаатарт дизель түлш 5,700 төгрөг, АИ-92 автобензин 3,592 төгрөгөөр тогтвортой байгаа бол аймгийн төвүүдэд АИ-92 0.1 хувиар өсөж 3,819 төгрөг, дизель түлш 5,910 төгрөг (-0.4%) байна.

А-95 бензин болон дизель түлшний үнэ 5,600 төгрөг давсан нь түлш их зарцуулдаг “Портер”, “Бонго”, “Майти” зэрэг ачааны автомашинуудын зардлыг шууд өсгөжээ. Үүний улмаас Улаанбаатар хот доторх нэг удаагийн ачаа тээврийн доод хөлс дунджаар 10,000–30,000 төгрөгөөр буюу 40–65 хувиар нэмэгдсэн байна. Өмнө нь 25,000 төгрөгөөр тээвэрлэдэг байсан ойр зуурын ачааны хөлс 55,000 төгрөг болж өссөн нь хүнсний бүтээгдэхүүний түгээлтийн өртөгт шууд шингэж байна.

Хот ба орон нутгийн бусад гол нэрийн хүнсний үнэ (11-р сарын 16-ны байдлаар):

  • Махны үнэ: Нийслэлд үхрийн ястай мах өмнөх долоо хоногоос 1.1 хувиар өсөж 30,006 төгрөг, үхрийн цул мах 34,422 төгрөг болсон бол ястай хонины мах 0.5 хувиар буурч 24,242 төгрөг болжээ. Харин аймгийн төвүүдэд үхрийн мах 25,438 төгрөг (+0.1%) болж өссөн бол хонины мах 20,965 төгрөг (-0.8%), ямааны мах 18,206 төгрөг (-2.4%) болж тус тус буурсан байна.

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн: Аймгийн төвүүдэд задгай сүүний үнэ 2.2 хувиар өсөж, литр нь 4,919 төгрөгт хүрсэн бол Улаанбаатарт нэг литрийн савлагаатай “Миний Монгол” сүү 5,358 төгрөгөөр өөрчлөлтгүй байна.

  • Төмс, хүнсний ногоо: Нийслэлд дотоодын төмсний үнэ өмнөх долоо хоногоос 1.3 хувиар өсөж кг нь 2,340 төгрөг болов. Өмнөх долоо хоногт мөн монгол байцаа 2,894 төгрөг (+1.9%), хүрэн манжин 3,188 төгрөг (+1.8%), сонгино 3,604 төгрөг (+1.3%) болж өсөөд байсан юм.

  • Будаа, чихэр, өндөг: Улаанбаатарт өндөг 627 төгрөг, элсэн чихэр 5,015 төгрөг, цагаан будаа 4,925 төгрөгөөр тогтвортой байгаа бол аймгийн төвүүдэд элсэн чихэр 4,319 төгрөг, цагаан будаа 4,281 төгрөг (-0.02%) байна.

Дүгнэж хэлэхэд, нийслэлд үхрийн мах, төмсний үнэ өсөж, орон нутагт гурил, сүүний үнэ нэмэгдсэний зэрэгцээ хот доторх тээвэрлэлтийн хөлс огцом өссөн нь өвлийн улиралд талх болон өргөн хэрэглээний хүнсний үнэ цаашид өсөх гол шалтгаан болох шинжтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08