Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсноо зарласан нь олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын анхаарлын төвд шууд орлоо.
Одоогоор АНУ-ын Bloomberg, Associated Press (AP), БНХАУ-ын Синьхуа болон Оросын Ведомости зэрэг нэр хүндтэй хэвлэлүүд энэ талаар шуурхай мэдээлэл цацаад байна. Тэдгээр агентлаг тус бүрийн онцолсон гол өнцгийг тоймлон хүргэж байна:
Bloomberg: Ёс зүйн зөрчилд буруутгагдсаны дараа гэнэт огцрохоор боллоо
АНУ-ын санхүү, бизнесийн тэргүүлэх агентлаг Bloomberg энэхүү үйл явдлыг “Монголын Ерөнхийлөгч ёс зүйн болон албан тушаалын зөрчилд буруутгагдаж буй энэ үед үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо гэнэт зарлалаа” хэмээн мэдээлэв. Тус агентлаг У.Хүрэлсүхийг Мягмар гарагт шууд дамжуулсан мэдэгдэлдээ өөрийнх нь эсрэг тулгаж буй буруутгалуудыг “итгэмээргүй бөгөөд туйлын ноцтой” хэмээн тодорхойлсныг эш татаад, сөрөг хүчин болох Ардчилсан намаас түүнийг шалгахыг шаардаж байсныг дурджээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэж, дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулах зохицуулалттайг уншигчдадаа тайлбарласан байна.
Associated Press (AP): Төмөр замын төсөл ба эрх баригч намын дотоод зөрчлийг онцлов
Америкийн Associated Press (AP) агентлаг сөрөг хүчний зүгээс төрийн төмөр замын төслөөс санхүүгийн ашиг хүртсэн хэмээн буруутгасны дараа Монголын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнийг онцоллоо. Түүнийг хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлснийг дурдаад, огцрох хүсэлтийг УИХ хүлээн авч баталснаар хүчин төгөлдөр болно гэдгийг тэмдэглэжээ. Үүнээс гадна AP агентлаг У.Хүрэлсүхийн харьяалагддаг Монгол Ардын Нам сүүлийн жилүүдэд дотоод зөрчилдөөнд автаж, ердөө есөн сарын дотор гурван ч Ерөнхий сайд солигдоод байсан улс төрийн нөхцөл байдлыг давхар сануулсан байна.
Синьхуа: Нэр төрөө сэргээхийн тулд огцрох шийдвэр гаргасныг мэдээлэв
Өмнөд хөршийн төрийн мэдлийн Синьхуа агентлаг Улаанбаатараас “Шуурхай мэдээ” ангиллаар мэдээлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэр төрийг сэргээх зорилгоор албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа Мягмар гарагт зарласныг уламжиллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу түүний огцрох хүсэлтийг хүлээн авах эсэх эцсийн шийдвэрийг 126 гишүүнтэй нэг танхимтай парламент болох Улсын Их Хурал гаргана гэдгийг тодотгосон байна.
Ведомости: Улсын төслөөс ашиг хүртсэн гэх буруутгалыг иш татав
Оросын нөлөө бүхий өдөр тутмын Ведомости сонин мөн энэ талаар шуурхай мэдээ нийтэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн төслөөс санхүүгийн ашиг хүртсэн гэх буруутгалын дараа огцорч буйгаа зарлалаа” хэмээн Синьхуа болон олон улсын эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр


