Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан, Бүх цэргийн наадмын түрүү Энхтөрийн Мөнхбаатартай ярилцлаа.
-21 аймгийн шилдэг аймгийн цолтнууд чуулж хүч үздэг Бүх цэргийн наадамд түрүүллээ. Энэ жилийн наадмын онцлог юу байв?
-Цэргийн наадам гэдэг бол үнэндээ өвлийн бэлтгэлээ шалгах, тухайн жилдээ анхны цол олгодог маш өндөр чансаатай барилдаан. Бөх болгон зорьж, бэлтгэлээ хийн байж ордог, өрсөлдөөн ч ширүүн болдог. Энэ жилийн наадамд би нэг ч сул барилдаан хийлгүй, өөрийн чадах бүхнээ дайчилж, даваа бүр дээр хүчтэй өрсөлдөгчидтэй тулсан. Бараг бүгдэнтэй нь золгож барилдсан байх. Хий гаргахгүй, нягт барилдахыг хичээсэн дээ.
-Нэлээд хүнд барилдаанууд хийх шиг болсон...
-Хоёрын даваанд сумын заан Чадалбат гээд хүчтэй залуутай таарсан. Үнэхээр чадалтай, золгодог барилдаантай залуу байна лээ. Үзүүр түрүүний барилдаанд Баасанжав найзтайгаа үлдсэн. Найз маань, мөн л энэ цагийн мундаг арслан. Учраанууд бүгд бяртай, золгож барьц авдаг бөхчүүд. Төмөрцоожтой л бараг золгоогүй байх. Харин бусадтай нь бүгдтэй нь л барьц солилцож барилдсан санагдаж байна.
Үзүүр түрүүнд би бэлтгэлээ хамт хийдэг найзтайгаа үлдсэн. Бид хоёр нэг нэгнийхээ барилдааны арга, хариу үйлдлийг сайн мэддэг болохоор бие биенээ хүлээсэн, хэн түрүүлж алдаа гаргана, тэр л унахаар байсан. Тэгээд л хүлээж байгаад зөв барьцандаа ороод, хүчээ дайчилж давсан даа.
-Гараа боосон харагдана...
-Саяхан цэргийн наадамд барилдаад, харамсалтай нь гараа гэмтээчихсэн. Гэхдээ юу ч гэсэн бэлтгэл, барилдаан ахих тусам байдал дээрдэж байгаа.
-Барилдаандаа хэрхэн бэлддэг вэ?
-Ер нь тайван байх чухал. Толгой, бие, сэтгэл гурвын тэнцвэр л бөхийн амжилтыг тодорхойлдог. Хэрвээ сэтгэл тогтворгүй, хөөрүү байвал бие ч дагаад эвгүй байдаг. Би хувьдаа барилдаан болохоос өмнө дуу сонсож, тайвширч, өөрийгөө төв төвшөн байлгахыг хичээдэг.
-Анхны цолоо авсан түүхээсээ хуваалцвал...
-Миний анхны цол сумын заан. Тэр үед тойргийн цол олгож байсан юм. Тойргийн барилдаанд түрүүлээд аймгийн заан болсон. Харин дараа нь сумын наадамд түрүүлсэн ч үнэмлэх өгөөгүй. Ингэж л явж байсан даа.
-Таны карээрын хамгийн дурсамжтай барилдаан юу вэ?
-Ковидын үед болсон улсын цол олгох барилдаан. Хүй 7 худагт болсон тэр барилдаанд улсын арслан Орхонбаяр, улсын заан Хүдэрбулга хоёртой дөрөв, тавын даваанд барилдсан. Их сайхан мэдрэмжтэй, утга төгөлдөр барилдаанууд байсан. Начин цолны болзол ч хангасан.
-Тухайн үед цол олгоно гэсэн боловч олгоогүй санагдаж байна...
-Анхнаасаа цол олгоно гэж ярьж байсан ч эцэст нь олгоогүй. 500 гаруй бөх оролцсон, допингийн шинжилгээ авсан, албан ёсны, том барилдаан байлаа. Олон сайхан залуусын хөдөлмөрөөр тоглосон доо. Тэр барилдаанд цолоо авсан байсан бол дараа нь цэргийн наадамд оролцох шаардлага гарахгүй, би өвдгөө гэмтээхгүй байх байсан. Тэгсэн бол магадгүй өнөөдөр би илүү өөр замналтай явах байсан ч юм билүү.
-Аймгийн цолтон, улсын начин хоёрын хооронд их том зөрүү бие дээ...
-Би чинь бас нэлээд эрт бөх барилдаж эхэлсэн. Залуу хүний спорт шүү дээ, бөх гэдэг. Тийм болохоор ид сайхан залуу насны бүтэн жилийг алдчихна гэдэг бол том гарз. Гэсэн ч энэ бүхнээс суралцаж, өмнөө тавьсан зорилгын төлөө тууштай зүтгэх л чухал.
Манай Монгол улс чинь түүхийнхээ аль ч үед дайн самуунтай ч байсан, хүнд хэцүү цаг үед ч байсан үндэсний бөхийн наадмаа өнжөөж байгаагүй. Тийм л ард түмэн, тийм л уламжлалтай улс шүү дээ. Миний бодлоор үндэсний бөх гэдэг бол зүгээр нэг спорт биш, Монгол хүний Монгол хүн байх мөн чанар, дархлаа нь юм. Тийм учраас ч би хувьдаа энэ бөхийн ёс жудгийг ариун цэвэртэй, нэр хүндтэй байлгахын төлөө өөрийн хэмжээнд хичээж явдаг.
-Таны өвдөгний бэртэл их зовоосон санагдаж байна...
-Тэр бэртлээс бол гурван удаа өвдөгний хагалганд орсон. Харамсалтай нь, анхны хагалгаан дээрээ нэг эмчийн буруутай хандлагаас болоод бэртэл маань бүрэн эдгээгүй. Нэлээд хэцүү цаг үе байсан. Гэсэн ч ганц нэг барилдаанд барилдаж үзээд байсан. Дахиад өвдөөд эхэлдэг. Хөл бүрэн эдгэрэхгүй байгаа ч, яалт ч үгүй дуртай болохоороо, бөхөө орхиж чадахгүй болохоор л гүрийгээд яваад байгаа хэрэг.
-Барилдахгүй удахаар төсөөрөх тал бий байх..
-Зааландаа бэлтгэлээ хийгээд зүгээр байгаа ч, яг дэвжээн дээр гарч, үзэгчдийн алга ташилт, тэр халуун уур амьсгалыг мэдрэхээр, сэтгэл жаахан чичрээд, өмнөх шигээ итгэлтэй байж чадалгүй бэргэх үе гардаг. Гэхдээ хэд хэдэн даваа ахиад, барилдаандаа дасаж эхлэхээр бие ч дасаад, сэтгэл ч тогтворжиж ирдэг. Ингэх тусмаа өөртөө итгэл нэмэгддэг.
-Барилдааны чанарт нь өөрчлөлт гарсан уу?
-Өмнө нь би сонгоны барьцтай байхад илүү амжилттай, итгэлтэй барилддаг байсан. Сонгооны барьцыг хасчихаад давхар шуудаг барьц гарч ирсэн. Тэгээд одоогийнх шиг шууд суганд оруулчихдаг, минут секунд сунгаж барилдах болсон. Ер нь бэртлээсээ болж эргээд дэвжээнд гарсан чинь бөхийн барилдааны агуулга нь хүртэл огт өөр болчихсон байсан. Өмнө нь бол золгоо, сонгоо дээр илүү түлхүү бэлтгэл хийдэг байсан, тэгээд ч бэртлээс болоод хэсэгтээ сэрүүгийн барилдааныг жаахан орхигдуулж явсан нь нөлөөлсөн болов уу.
Бөхийн спорт улам бүр мэргэжлийн тал руугаа хэлбийж байна шүү дээ?
-Хүмүүс өдөрт хоёр удаагийн бэлтгэлтэй, жилийн 365 хоног бэлтгэлтэй байна. Кроссфит, хүчний бэлтгэл гээд олон төрлийн арга барилаар бэлддэг болсон.
-Та бэртлээсээ ямар нэгэн сургамж, бодрол авсан уу?
-Би өөрөө нэг тийм жаахан "урлагтай" гэмээр, сахилгагүй маягийн бөх. Заримдаа гоё мэх хийж хүн унагах хүсэлд хөтлөгдөөд л, тэрэндээ автчихдаг. Гэхдээ заримдаа тэгж туршиж яваад унах үе ч байдаг. Тэр бүх алдаанаасаа сургамж аваад одоо бол илүү нягт, хариуцлагатай байхыг сурсан. Даваа болгоныг үнэхээр анхаарч, биеэ сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Хүмүүсийн хүлээлт бас их нөлөөлдөг байх?
-Хүн болгон намайг яаж хүлээж авч байгаа нь янз бүр л байгаа байх. Харин миний хувьд бол намайг хурцалж байна гэж л ойлгодог. Хүмүүс намайг хүлээж байгаа гэж бодохоор улам өөрийгөө дайчилж, шантрахгүй байхыг хичээдэг. Яагаад зогсох ёстой гэж? Болохгүй болтол нь л үзнэ гэж шийдсэн.
-Энэ жил хаагуур галд гарах гэж байна даа...
-Энэ жил нутгийнхаа бөхчүүдтэйгээ Цонжин болдогийн хойд талаас гарах байх. Манай нутгийн аймгийн арслан Гончигдавхай галаа удирдаад гардаг.
-Улсын цол руу зүтгээд үзнэ биз дээ...
-Энэ жилийн хувьд өвлийн бэлтгэл гайгүй сайн болсон. Өмнөх жилүүдтэй харьцуулбал боломж арай илүү байна гэж дүгнэж байгаа. Гэхдээ алдаа дутагдал байсаар л байна. Тэрийгээ ухамсарлаж, засч залруулсаар байгаа.
-Алдаа дутагдал гэдэг нь..
-Алдаа гэдэг нь ерөнхийдөө барьц, байрлал, мэхний гүйцэтгэл гээд техникийн асуудал ихтэй. Гэхдээ биеийн бэлтгэл энэ жил бол боломжийн түвшинд очсон гэж өөрийгөө харж байна. Ямар ч байсан улсын наадмын дэвжээнд гарч, улсын "цолны" өндөр босгыг давахын төлөө, олон жил хичээж ирсэн хөдөлмөрөө бодоод сайхан барилдана даа гэж бодож байна.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Одоогоор бол чөлөөтэй цаг тун ховор. Гэхдээ сонирхдог зүйл гэвэл e-sport. Сайн тоглоод, уралдаад байдаггүй ч сонирхоно, үзнэ, дагана. Сүүлийн үед бол Монголын e-sport хөгжиж байгааг хараад баярладаг болсон.
-Таны анхны багш хэн байсан бэ?
-Миний анхны багш бол Говьсүмбэр аймгийн Өндөр сумын харьяат, аймгийн заан Шархүүгийн Наранбаяр байсан. Одоо аймаг, орон нутагтаа амьдардаг. Эхлэл маань ч бас сонирхолтой. Тухайн үед ахын маань найз хөдөөгүүр явж байгаад намайг хараад “Чи ер нь бөх болохоор хүүхэд байна шүү, төв рүү ороод бэлтгэл хийгээд үзээрэй” гэж зөвлөсөн. Тэр цагаас л бөхийн замнал руу орж, бэлтгэл хийж эхэлсэн дээ.
-Ер нь 10 жилдээ нээх айхтар бөх гэж яваагүй байх тийм үү?
-10 жилд байхдаа бол нэг их секц дугуйланд явдаггүй, хичээлээ л хийдэг хүүхэд байсан. Дархан-Уул аймагт 10 жилээ дүүргэсэн.
-Та бөхийн удамтай юу?
-Эцэг, эхийн талд маань хоёр өвөө хоёулаа сумын заан цолтой хүмүүс байсан. Улсын цолтон бол манайд байхгүй, харин ээжийн талд нэг аймгийн заан хүн бий.
-Анхны барилдааных нь талаар хууч хөөрье?
-Миний анхны барилдаан бол яг манай нутгийн уул Сансар хайрханы ойролцоо болсон өсвөрийн бөхийн барилдаан байсан. Тухайн үед би хөдөөний хүүхэд, юугаа ч сайн мэдэхгүй байсан хэрнээ очоод зүгээр л ноцолдоод, барилдаад л байсан. Тэгээд нэг мэдсэн түрүүлчихсэн. Бай шагнал нь 10,000 төгрөг байсан санагдана. Тэр үеийн сэтгэл хөдлөл, баяр хөөр одоо болтол санаанаас гардаггүй. Эхний барилдаанд түрүүлчихээд л, яг юу болоод байгааг ч ойлгохгүй байсан. Хүмүүс баяр хүргээд л... "Бөх гэж ийм сайхан зүйл байдаг юм уу?" гэж бодогдож байсан. Тэр мэдрэмж, тэр үеийн тэрхүү анхны ялалт надад хамгийн том мотивац болсон. Тэр цагаас л зүгээр нэг хичээллэх биш, амьдралынхаа зорилго болгож эхэлсэн.
-Таны эрхэмлэж явдаг зарчим , үнэт зүйл тань юу вэ?
-Хамгийн чухал нь би хүнд төвөг болохгүй, бусдад саад болохгүй амьдрахыг хичээдэг. Монголд нэг ийм үг байдаг даа: “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.” Үүнийг би өдөр бүр бодож явдаг. Нэг хүний хэлсэн үг одоо болтол санаанаас гардаггүй юм:
"Уйгагүй хүн уула нүхэлнэ ээ. Чи зөвхөн шантрахгүй л байхад болно."
Тийм болохоор би хөдөлмөрлөсөн хүнд л амжилт ирдэг гэж итгэж явдаг. Зорьсон юмандаа үнэнч байхад амжилт заавал ирдэг гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе...
-Бөхийн спортоор хичээллэхэд урам зориг өгдөг байгууллагууддаа ч баярлаж явдаг. Хилийн цэргийн ерөнхий газар, Хилчин спорт хороо, УБТЗ-ын Замын III анги гээд надтай хамтарч ажиллаж, дэмждэг байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Мөн бөхийг үнэн сэтгэлээсээ хайрладаг, наадам бүрээр дэмждэг үзэгч түмэндээ баярлалаа гэж хэлье. Та бүхний итгэлийг алдахгүй, улам хичээнэ ээ.
Мэдээж энэ замналд минь үргэлж намайг дэмжиж, "Чи чадна аа" гэж итгэж ирсэн ээж, аавдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн дүүдээ маш их баярлаж явдаг. Амжилт гэдэг зөвхөн ганц хүний хөдөлмөрөөр бүтдэггүй, ард нь дэмждэг олон хүн байдаг. Тэдний итгэлийг хэзээ ч мартаагүй, мартах ч үгүй ээ.