Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм. Ингэснээр:
- Ил уурхай шиг газар сэндийчдэггүй,
- Хаягдал чулуу, тоос, шороо үүсдэггүй,
- Цацраг идэвхт бодис газрын гадарга руу ил гарахгүй,
- Байгаль орчинд учруулах нөлөө хамгийн бага байдаг.
Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг. Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.
МОНГОЛТОЙ ИЖИЛ НӨХЦӨЛТЭЙ КАЗАХСТАН УРАН ОЛБОРЛОЛТООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Тухайлбал, Казахстан улс 2000-аад оны эхнээс ураны салбарт гаднын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологийг оновчтой ашигласнаар дэлхийд уран олборлолтоор №1 байр эзлэх болжээ. Казахстан өнөөдөр жилд 20,000 тонноос дээш хэмжээний уран олборлож, дэлхийн нийт нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж байна. Тус улс ураны олборлолтоо байгальд хамгийн ээлтэй гэж тооцогддог газар доогуур уусган олборлох (ISL) технологиор бүрэн шилжүүлсэн нь амжилтынх нь гол түлхүүр болжээ. Монгол Улсад ч мөн ижил төрлийн ураны нөөцүүд бий. Гэвч олон нийтийн үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, мэдээллийн хомсдол зэрэг шалтгаанаар энэхүү салбар хангалттай хөгжөөгүй хэвээр байна.
Уг нь Монгол улс ч Казахстантай адил:
- Стратегийн ураны орд эзэмшдэг,
- Мэргэшсэн боловсон хүчин бэлдсэн,
- Газар доогуур уусган олборлох нөхцөл бүхий геологитой,
- Франц, Орос зэрэг цөмийн технологитой улсуудтай түншлэл тогтоосон.
Өнөөдөр Монголын өмнө ураны салбарыг ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх, Казахстаны жишгээр нүүрстөрөгч багатай эрчим хүчний ирээдүйд хөрөнгө оруулах түүхэн боломж байна. Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, байгаль орчны аюулгүй байдалд хяналт тавин, дэлхийн жишигт нийцсэн ураны төслийг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн бус, эрчим хүчний аюулгүй байдал, геополитикийн бие даасан байдлын чухал үндэс юм.
ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ — МОНГОЛ УЛСАД ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Монгол Улс ураны салбарын ирээдүйн талаар хэлэлцэж буй энэ үед хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цацрагийн аюулгүй байдлыг бие даан хянах, шинжлэх лабораторийн тогтолцоо юм. Цацраг идэвхт бодисын нөлөөлөл нь хөрс, ус, агаар, хүн амын эрүүл мэндтэй шууд холбогдох тул шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бус хяналт зайлшгүй шаардлагатай байна. Одоогоор манай улсад олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн цацрагийн шинжилгээ хийх төрийн өмчит, бие даасан лаборатори байхгүй. Энэ нь зөвхөн ураны олборлолт гэлтгүй, цацрагтай холбоотой бүхий л салбарт (эмнэлэг, аж үйлдвэр, геологи гэх мэт) мэдээллийн үнэн зөв байдал, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл энэ чухал асуудлыг төр анхааралдаа авч эхлээд буйг Засгийн газраас мэдэгдсэн.
Уг лаборатори нь:
- Газрын гүн дэх болон олборлолтын орчны цацрагийг хянах,
- Хөрс, ус, агаар дахь урт хугацааны өөрчлөлтийг үнэлэх,
- Хүний, амьтны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг шинжлэх,
- Ураны төсөл, үйлдвэрүүдэд хөндлөнгийн дүгнэлт гаргах боломжийг олгох юм.
Олон улсын жишгээр ураныг олборлох үед төслийн үр нөлөө, байгаль орчны хяналт зэрэг нь зөвхөн компаниудаас хамаарах бус, төрийн зүгээс бие даан, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийх чадамж байх ёстой гэж үздэг.
Казахстан, Канад, Франц зэрэг оронд ийм лаборатори нь салбарын итгэлцлийг хангадаг стратегийн байгууламж болдог. Монголын иргэд өнөөдөр “Ураны төсөл хэрэгжиж болно, гэхдээ бид өөрсдийн лабораторитой байх ёстой” гэдэг ухаалаг шаардлагыг тавьж байна. Энэ бол эсэргүүцэл бус, хариуцлагын шинэ шатны эхлэл юм. Бид цөмийн эрчим хүч, ураны салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаандаа тулгуурлаж, төрийн чадавхаа нэмэгдүүлэхээс өөр замгүй.