УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Ажлын хэсэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, санхүүгийн эрсдэлгүйгээр чанартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэв. Үүний хүрээнд эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа, нийгмийн хамгааллыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын амьдралын хэв маягт нийцсэн, тэгш хүртээмжтэй тусламж үзүүлэх “Монгол Улсын өвөрмөц загвар”-ыг хуульчилж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Иймд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсад жил бүр дунджаар 75,000-80,000 хүүхэд шинээр мэндэлдэг ч нийт төрөлтийн 3-4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээсээ өмнө эндэж ойролцоогоор 2,500-3,000 эх хуулийн шаардлагын улмаас тэгш боломж эдэлж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн асуудлыг дахин судалж, урамшуулалд хамруулах боломж бүрдэх юм. Төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, уг асуудалтай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан тогтолцоог бүрдүүлэх, шимтгэлийг бууруулах боломжийг судлах, Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох хуулийн төслийг 2025 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Нийгмийн бодлогын байнгын хороонд даалгасан байна.