Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд олгосон юм. Түүний одонгоо хүртэхдээ хэлсэн үгийг хүргэж байна.
Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн дээд одон Их эзэн Чингис хааны одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад МУ-ын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд, монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Монгол Улсын газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, хөгжил цэцэглэлт, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үнэт сургаалын эрдэнэсийн сан, эрхэм бээрийн цаглашгүй их үүд оршиж байгааг миний бие ухаарч ойлгож, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан зарим сургамж, дүгнэлтийн заримаас нь монгол бахархлын энэ сайхан өдөр та бүхэндээ хураангуйлан товч айлтгая.
Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах айл өрх бүрийн арга билэг гал голомтоо залгуулан үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү эх монгол хэлэнд маань оршиж байсан байна. Мөн өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байсан байна. Монгол бахархал харийн улс гүрний аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад л буурин дээрээ эргээд буудаг монгол хүмүүний язгуур мөн чанар генд хадгалагдаж иржээ. Ямар ч хүн өөрийнхөө гэр оронд өвлөж, нүдний цөцгий мэт нандигнаж ирсэн уламжлалаа хадгалахыг эрмэлздэгийн адил үзэсгэлэн төгөлдөр эх орныхоо хөрс шороон дээр таван хошуу мал сүргийн аж ахуй бүхий бэлчээр дагасан соёл иргэншлийн аж төрөх ёс мөнхөд оршин байхыг нэгэн цагт хүн төрөлхтний дотор асаж байсан жинхэнэ аз жаргалант амьдралын гал цог бадарч, эцэг тэнгэрээс заяасан эрч хүч цогцолсон амьдралын уламжлалт хэв маягаа үргэлж хадгалж явцгаахыг Их эзэн Чингис хаан бидэнд хичээнгүйлэн захиж үлдээсэн байна. Их эзэн Чингис хааны нандигнаж байсан гурван үеийнхний амин хэлхээ холбоог хэрэв салгавал монголчууд бид өөдлөхгүй гэдгээ ухаарах цаг үетэй золгосон байна. Их эзэн Чингис хааны бий болгосон монгол бахархал нь өвөг дээдсийнхээ генээр дамжиж эрхэм бээрт өвлөгдсөн дараах билэг оюунаас ундарч гарсныг судалгааны зарим үр дүн баттай харууллаа. Их эзэн Чингис хаан маань зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг эелдэг найрсаг, зочломтгой, шударга бусыг нь цэх голч шударга, залхуу хойрго унхиагүйг нь ажилсаг хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунах, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн. Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нэн чин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгний найдвар хөсөрдүүлэхийг итгэл даадаг, нэр хүндээ унагахыг нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нийтэч, хамтач болгож өгсөн. Хэн хэнийхээ тусыг хариулж чадахгүй юм гэхэд эргээд гай төвөг учруулдаггүй, сэтгэлийн тэнхээ муутайг тэсвэр тэвчээртэй, хагарал дайсагналцахыг эв эе, үзэн ядалт өш хонзон хорон муу санаархлыг өгөөмөр өтгөг бус сэтгэл, эргэж буцдаг шарвалтыг урвашгүй чанар болгож хувиргаж өгч байжээ. Үүний үр дүнд 13-р зуунд цул нэгдмэл хүчирхэг Монгол үндэстэн бүрэлдэж, тэдний сэтгэлийн эерэг сайхан энергид харийнхан өөрийн эрхгүй татагдаж улмаар дэлхий дахинд зуун жилийн туршид шударга ёс, энхийг тогтоох ариун үйлсийг та бидний гайхамшигт өвөг дээдэс оройлон манлайлж, энэ хорвоогийн хүн ард эвтэй найртай эн зэрэгцэн аж төрөх нөхцөлийг бүрэлдүүлж өгч байжээ.
“Хаан миний бие хээр талд аж төрөн сууж, чиг шударгыг эрхэмлэн тогтоож бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, идэх хоол, өмсөх хувцсаа адуучин, үхэрчинтэйгээ хуваалцан ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адилхан үзэж цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж эв эеийг сахиулан энэрэл хишгээ түгээж явна” хэмээсэн айлдвар нь төр засгийн эрхийг барилцаж яваа хүмүүст хандсан нэг ёсны гэрээс, өнөөдөр хатуу анхааруулга болж байна. Монголчууд бид бүгд төрөлх эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг билээ. Тиймээс Их эзэн Чингис хааныхаа эцгийн нэрийг үр хүүхдүүд нь дамжуулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжилмуй хэмээсэн айлдварыг үеийн үед Монгол хүн бүр сүсэглэн дагаж явах нь энэ хорвоод монголчууд та бид төрөлх эх орондоо монголоороо үлдэх цорын ганц боломж ч байж болох юм. Монголын ард түмэндээ мэхийн, гүн хүндэтгэл талархлаа дахин илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх танд Их эзэн Чингис хааныхаа тухай бүтээлээс Англи, Орос, Герман, Солонгос, Казак зэрэг хэлнээ хөрвүүлэгдэж, гадаадын зарим улсад хэвлэлийн газар нийтийн хүртээл болгосноос нь өргөн барья. Их эзэн Чингис хааныхаа гал голомтыг сахиж суугаа эрхэм бээрийн үр сад Монгол Улсын хүндэт иргэдээ, Их хааныхаа миний сургаалыг мянган онд хувиргалгүй түмэн үедээ өөрчлөлгүй, ургийн ургаараа мөрдөн журамла түгээ хэмээснийг чанд сахин биелүүлж чадах юм бол та бидний буян хишиг арвижиж явахын билигтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Т.УНДРАХБАЯР






Нийгэм






