Улсын филармонийн дуучин асан Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаараа манай редакцид хандан ярилцлага өгсөн юм. Түүний ярилцлагаас тоймлон хүргэж байна.
Анх 2009 онд СУИС-ийг төгсөөд, нэг жил гаран мэргэжлээрээ ажиллаагүй байж байгаад 2010 онд улсын филармонид дагалдан дуучнаар ажиллаж эхэлсэн. 2011 оны нэгдүгээр сарын 1-нд үндсэн ажилтан болж, мэргэжлийн гоцлол дуучнаар тушаал гарч байсан. Нийтдээ 13 жил тасралтгүй энэ байгууллагатаа тууштай ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй, хариуцлага алдаж байсан удаа бол байхгүй. 2016 онд манай байгууллагын бүх уран бүтээлчид хөдөө орон нутагт томилолтод явсан. Хөдөө орон нутагтаа бүр сум дээр тайзны ард тоглолтынхоо хувцастай зогсож байтал манай байгууллагын дунд шатны менежер хүн эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүйгээр хүрэх ёсгүй газар хүрээд, базахаар сандраад ямар реакци үзүүлэхээ мэдэхгүй, эвгүй байдалд орчхоод, тоглоом шоглоом болгож эргүүлсэн. Тэгтэл нөгөө хүн “Аан за чи надад ингэж хандаж байна уу, надаас илүү царайлаг, залуухан залуучууд сонирхох уу тээ? За яах вэ ээ чамайг” гэсэн. Би тухайн үедээ хүмүүс заримдаа тоглож шоглоод ингэсэн гэж ойлгоод, айсан, сандарсандаа өөртөө ч тэгж итгүүлэхийг хүссэн байх, тэгээд өнгөрөөсөн. Тоглолтуудаас хасагддаг болсон. Ойр тойрны хүмүүс “Насаа чи тэр тоглолтод байхгүй байгаа юм билээ тээ?, Яагаад чи тоглолтдоо орохгүй байгаа юм?” гээд мэр сэр хэлж байсан. Гэтэл өөр шалтгаанаас болж, тэр хүний хүссэнээр байсангүй гээд намайг зуучихсан байсан, би өөрөө ч юу болоод байгааг ойлгоогүй. Дараа нь мэргэжлийн хуульч хүн дээр очоод зөвлөгөө аваад хуулийн талаасаа энэ ямар процесс, юу болсон гэсэн чинь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн байна гэсэн. Ганцхан улсын филармонид ч биш урлагийн байгууллагад байдаг гэж их сонсогддог. Чихнээс чих, амнаас ам дамжаад, нүдээрээ хараагүй ч гэсэн ажлын байрны бэлгийн дарамт байдаг. Хөөрхий эмэгтэйчүүдийг ажлаас нь хална гэж айлгадаг, нөхөртөө баригдахгүйн тулд чимээгүй өнгөрдөг, ажилтайгаа үлдэхийн тулд ч юм уу нуудаг. Гэхдээ энэ бол миний үнэн бодит байдал учраас илэн далангүй ярья, хүмүүст ойлгуулъя, юу болсон процессыг хүмүүс мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Ийм асуудлуудыг бид нар дандаа нуусаар байгаад, өөрийнхөө нэр хүндийг бодоод хаацайлж, толгой нь илсээр байгаад л энэ хүчирхийлэл гэдэг зүйл зохион байгуулалттай олон жилийн турш хүнийг өөрийг нь өөрөөр нь ажлаа урам зоригтой хийх боломж, сэтгэл зүйн дарамт учруулдаг. Хүчирхийлэл дундаас хамгийн аймар нь сэтгэл зүйн дарамт юм байна даа гэж би бодож байгаа. Ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлэхийн тулд, юмнаас хасагдаад байгаа учраас би өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлээ хийгээд, тэр хүнтэй ярилцах гээд хувь чатаар, албан байгууллага дээр эхлээд эвээр ярьж үзсэн. Тэгтэл би завгүй байгаа, ийм тийм юман дээр ажиллаж байгаа, дараа нь больё гээд дандаа хойшлуулдаг. Эхлээд эвээр хэлээд, уурлаж хэлээд, сүүлдээ ажлын байран дээр хэрэлдэж ч үзсэн, арай ч зодолдоогүй байх. Тухайн үед дарга байсан дарга руу утасдаад бүгдийг хэлсэн. Өөртөө бурууг өгөөд, би болохгүй байгаа юм байна гээд явсан. Хэн нэгэн эрхтэй албан тушаалтны, тэр хүнтэй ууж идэж, унтаж хэвтэж яваагүйн төлөө тэр хүн эмэгтэй дуучны ажлаа хийх боломжийг нь хааж, боогдуулж, зөвхөн өөрийнхөө үзэл бодол, өнгө үзэмжээр тэр хүний амьдралыг яагаад үгүй хийх ёстой юм гэдэг дээр дургүй хүрдэг. Эмэгтэй уран бүтээлчид эрэгтэй ая зохиогч нараас хит дуу авахын тулд заавал дотно харилцаанд орох ёстой юм шиг, тэр бүгдийг би дуугай өнгөрүүлээд, энэ хүн ийм юм байна, ийм хүмүүс байдаг даа, би ийм хүн биш гээд өнгөрүүлээд л явдаг байсан.
Миний сэтгэл зүрхээ зориулж, амьдралынхаа арван хэдэн жилийг зарцуулсан байгууллага дээр нэг хүнээс болж сэтгэл зүйн дарамтад орж ажилгүй болсон. Өнөөдөр би наймаа хийгээд явж байгаа. Би зургаа, долоон настайгаасаа эхлээд дуучин болохыг мөрөөдөж, энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө байж болох бүхий л өөрөөс гарах нөөц, ар гэрийнхээ санхүү, боломжоор өнөөдрийг хүртэл зүтгэсээр ирэхэд хэн нэгэн албан тушаалтантай унтаагүйн төлөө ажилгүй, дуугаа дуулаад явж чадахгүй, онлайнаар бизнес наймаа хийгээд, Гуанжу-д очоод захаар яваад, хүнд таалагдах бараа хайгаад л би яг яасан гэж ингэж явж байгаа юм гээд би гутардаг. 13 жил ажилласан байгууллагынхаа эсрэг шүүхэд хандахаар сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байна. Өнгөрсөн жилийн 1 сард намайг ажлаас халсан. Өнгөрсөн хугацаанд намайг Хөдөлмөрийн хуулийн 81.2 буюу мэргэжлийн шалгалтаар далимдуулж хална гэж дандаа сүрдүүлдэг байсан. Сүүлдээ би айдастай болчихсон, шалгалт авах гэж байна, би ямар алдаа гаргаад уначих бол гээд л.. Шүүхийн байгууллага дээр ажилтнаа халахдаа процедурын хувьд алдаатай байсан байна, энэ хүнд өгөх ёстой тэтгэмжээ өгөөгүй байна гэх үндэслэлээр дээр ялсан. Гол асуудал дээрээ гэрч байхгүй, нотолгоо, баримт байхгүй гэх зүйлээр тухайн хүнийг надад хүчирхийлэл үзүүлсэн гэдгийг нотолж чадаагүй. Надаас хойш уран бүтээлчид ч биш өөр салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд, эрэгтэй ч байж болно, залуучуудад ийм дарамт ирвэл тухай цаг бүрд нь цагдаад мэдэгдээд, тэмдэглүүлэх ёстой юм билээ. Хэн намайг оролдчих бол гээд л 24 цаг энгэртээ камер суулгаад явах боломжгүй. Ялангуяа нууц, далд бэлгийн дарамтын асуудал дээр хүн юу гэж л гэрчийн хажууд тийм үйлдэл хийх вэ дээ, яаж ч бодсон. Одоо болтол тэр хүнд ямар ч сахилгын шийтгэл ногдуулаагүй, зүгээр ажлаа хийгээд, инээж хөөрөөд явж байгаа нь шударга бус санагдаж байна. Нэг өрх толгойлсон эмэгтэй хүн дуугаа дуулж чадахгүй, ажлаа хийж чадахгүй наймаа хийчихсэн зогсож байхдаа сэтгэл санаа ямар байдаг гэж бодож байна. Хүмүүс их муухай, өчнөөн жил жаргал зовлонгоо туулж, хамт байж ажиллаж ажиллачхаад, ийм асуудал болсон чинь танихгүй хүмүүс шиг болцгоочихдог юм билээ. Байгууллага болгонд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч ажилчин байдаг. Манай байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч хөгжимчин эмэгтэй “Чи байгууллагын нэр хүнд гутааж, гадуур үнэн худлаа юм ярьж явлаа, үүнээс болж манай ажилчид хэлмэгдээд байна” гэж илт ярианы өнгө аяс нь миний талд биш, адилхан эмэгтэй хүн гэдэг утгаар харахгүй ярьсан. Өнгөрсөн жил 8 сард ээжийгээ алдахад 13 жил хамт ажилласан хамт олноос нэг ч хүн эмгэнэл илэрхийлье гэж бичээгүй. Би фейсбүүк дээрээ шаналаад пост бичээд олон хүн эмгэнэл илэрхийлж байхад, тэр байгууллагын хүмүүс мэдээгүй байв л гэж дээ. Би хэр баргийн юман дээр хүнээс хүлээлт үүсгэж, боддоггүй. Ноднин тэр үед байгууллагаас арай ойр байсан хүмүүс бичих байх гэж бодсон ч байгаагүй, яаж нэг талд орохгүй, байгууллагатаа ажилтай үлдэх вэ гэдэг юм билээ хүн гэдэг чинь. Дуугаа дуулахгүй дуртай зүйлээ хийхгүй бол галзуурах гээд, бачимдаад байгаа. Одоогоор Гантогоо найзтайгаа хамтраад шинэ уран бүтээл 6 сард гаргасан. 8 сард өөрийнхөө уран бүтээлийг дүрсжүүлээд, гоё клип гаргасан байгаа. Арваннэгдүгээр сарын 11 соло шинэ дууны клипээ цацах гээд бэлэн болгосон байж байна. Зарим нэг талаараа би дуучны хувьд би муу байж болно, гол нь хүчирхийллээс болж насан туршийн сэтгэл санааны зүйлийг яах вэ гэх мессежийг өгөх гэсэн юм.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм







