Хил хамгаалах ерөнхий газраас дараах залруулгыг гаргажээ. Залруулгад:
Монгол Улсын иргэн Болдбаатар Доржсүрэн (Boldbaatar Dorjsuren цахим хаягтай)-ийн 2025 оны долдугаар сарын 19-ний өдрийн цахим орчинд нийтэлсэн “Монгол Улс хилийн хэлэлцээрээр 8000 ам км нутаг дэвсгэрийг маань буцаан өгөв гэдэг бичлэгүүд Youtube-ээр маш их цацагдах болов. Энэ асуудлыг ГХЯ, Хилийн цэргийн ерөнхий газар анхааралдаа авч олон түмэнд нэг мөр бодит хариу өгмөөр байна” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас дараах албан ёсны тайлбар, залруулгыг өгч байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын улсын хилийг 1962 онд байгуулсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-ний дагуу 1962-1964 онд газар дээр нь хилийн баганаар тогтоон тэмдэглэж, Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1975 оны аравдугаар сарын 9-ний өдөр бүртгэснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан.
Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол, Хятадын улсын хоорондох улсын хилийн хамтарсан шалгалтыг 1982-1984, 2001-2005 оны хооронд явуулсан.
Монгол, Хятадын улсын хоорондох улсын хилийн шугамын явалтыг газар дээр нь хилийн баганаар тэмдэглэхдээ Талуудын эрх бүхий байгууллагууд хамтран хилийн баганын солбицлыг геодезийн аргаар тогтоон, түүнийг хил шалгалтын баримт бичигт тусган баталгаажуулж, улмаар Монгол Улсын хуулиар хуульчилдаг эрх зүйн зохицуулалттай байдаг.
Иймд Олон улсын түвшинд баталгаажсан Монгол, Хятадын улсын хоорондох улсын хилийн шугамын явалтыг аль нэг улс нь дангаараа, эсхүл талуудын эрх бүхий байгууллагууд өөрчлөх боломжгүй.
Дээрх иргэний цахим хуудсанд оруулсан гэрэл зураг нь Ховд аймгийн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, Монгол Улсын Ховдын хилийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хурандаа Э.Энхтайваны Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн төлөөлөгчтэй хийсэн хилийн уулзалтын үеийн гэрэл зураг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хятадын www.xinhuanet.com сайтад “Хоёр улсын хилчид хил хамгаалалтыг бэхжүүлэх талаар хамтран хэлэлцэв” гэсэн нийтлэлд гарсан болно.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Enkhjargal Lkhamjav нэртэй цахим хаягаас тухайн гэрэл зургийг ашиглан “Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам, тор тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татах боллоо” гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд тухайн ташаа мэдээллийн талаар Хил хамгаалах байгууллагаас албан ёсны тайлбар өгсөн.
Монгол, Хятадын улсын хоорондох улсын хилийн урт (4709.6 км)-д өөрчлөлт ороогүй, улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн 1533 хилийн багана анх босгосон байрлал дээрээ бүрэн бүтэн байгаа бөгөөд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
Эх сурвалж
| Хил хамгаалах ерөнхий газар
|