МУГЖ, уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа.
Таны нэрийн утга учир, анх яаж энэ нэрийг өгсөн бол?
Аав маань охиндоо Цэцэглэн гэдэг нэр өгнө гэсэн. Өвөө маань “Аавынхаа Батыг нь оруулалгүй яах вэ” гээд Батцэцэглэн гэдэг нэр өгнө гэсэн. Багадаа их царай муутай хүүхэд байсан гэж ярьдаг. Жижигхэн, туранхай, бор хүүхэд байсан. 1, 2-р ангиа Улаанбадрах суманд суугаад, Сайншанд сумын ЕБС-ийн 2-р сургуулийг төгсөөд, СУИС-д 2008 онд элсэн орж, МУГЖ Батболд багшийн удирдлага дор уртын дуучин мэргэжлийг эзэмшээд уран бүтээлээ хийгээд явж байна.
Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
Би дөрвөн охинтой айлын бага охин. Миний бага нас хөдөө, говьд өнгөрсөн. Говийн халуун наранд цангаж, өвлийн хацар эсгэм талын жаварт хонь малтайгаа уруудаж, аянга цахилгаантай бороонд малаа хашаад зогсож, хурдан морины нуруун дээр эрэгтэй хүүхэд шиг өссөн. Гэсэн ч би маш эрх, эмээгийн амины хүүхэд. Цагаан сараар эмээгийн золголтын мөнгийг орой болохоор хажууд нь очоод хөл гарыг нь бариад суучихдаг. Нөгөөдүүлээсээ нуугаад над руу ёвроод, “Яасан, эмээ?” гэхээр “Мөнгө авах юм уу?” гэж асуудаг байсан.
Анх ханьтайгаа хэрхэн танилцаж байв?
Миний хань Г.Наранбат Монгол Улсын хошоо мэргэн, шагай харваач хүн. Энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн. Манай гэр бүл өв соёлыг тээж явж байгаа. Хамгийн анх эмээдээ “Ийм хүнтэй уулзаж байгаа” гээд хэлээд, зургийг нь харуулж байсан. “Чи өндөр, сайхан цагаан залуу дээр очиж байна уу?” гээд залгадаг. “Үгүй ээ” гэхээр “Чи одоо очоодох” гээд л. Эмээд маань маш их таалагдаж байсан. Эмээгийнхээ өвөр дээрээс ханийнхаа өвөрт ирсэн. Эмээтэйгээ хамт байсан эрх зан, өөрийнхөөрөө аашийг минь хамтад нь авч явж байгаа, эмээгийн захиасыг биелүүлж явж байгаа сайхан хүн байдаг. Эмээ маань нөхөрт минь “Миний охин дуулах юм шүү” гэж хэлж байсан гэсэн. Манай хүн морин хуурч. Анх СУИС-д танилцсан. Янз янзын юм болохоор “Эмээ чинь чамайг дуулах юм шүү гэж хэлсэн болохоор л дуулуулж байгаа шүү” гэж айлгадаг. Тэр сайхан буурлуудын буянаар хүүхдүүд нь сайн сайхан явж байгаа.
Эмээгийн хүүхэд байсан гэсэн, эмээ нь ямар хүн байсан бэ?
Багын юм ярихаар уйлчих гээд байдаг. Эмээгээ их санадаг. Эмээтэйгээ хамт говьд мал маллаж, хурга ишгээ хариулж явахдаа зөвийг хийхийн тухай зааж өгдөг байсан. “Хүн ер нь найрт дуулдаг, наргианч байх хэрэгтэй” гэдэг байсан. Өөрөө наргианч, хүмүүстэй тоглодог, нутагтаа алдартай Нансалмаа гэдэг хөгшин байсан. Багадаа харж өссөн зүйл насан туршдаа хамт явдаг юм билээ. “Хүн яаж ч амьдарч болно, гэхдээ юу ч байсан өөрөө хийгээд сур. Би наадхыг чинь аваад явчихгүй” гэж аашилдаг хүн байсан. Одоо бодоход үнэн үг. Хүн өөрөө хийж чаддаг байж л бусдын хийсэн хөдөлмөрийг үнэлж сурдаг юм байна.
Хүүхэд насны цагаан сар ямар байсан бэ?
Их цэвэрлэгээ хийх гоё байжээ. Цагаан сарын өмнө манайх жижиг дунд үйлдвэрлэгч болдог. Гэрээр дүүрэн нутгийнхан дээл хувцас оёулна. Хүмүүс их орж гарна. Ээж, эмээд дээл хийлгэнэ. Өөрсдөө олуулаа учраас “Энэ жил хэн дээлгүй байгаа билээ, хэндээ шинэ дээл хийж өгөх үү?” гээд л ярилцана. Надад бол гулгасан дээлүүд их ирнэ. Ээж, эмээгийн хийж байгаагаас хуваалцаж, тусалж хийнэ. Их цэвэрлэгээ, түлш түлээ, бууз банш хийх, аавын илүү гэрт өвчүү чанах үнэр их гоё байсан.
Сумын төвийн хүүхдүүд айл болгоны хаалга тогшиж бэлэг авна. Манай суманд битүүний орой бас явж бэлэг авдаг байсан. Нэг айл ерөөсөө хаалгаа нээдэггүй. Битүүний орой бүгд угаалга, цэвэрлэгээ хийж байхад “Авна” гэсэн бодолтой очоод, “Хэн бэ?” гэхээр “Цэцэ байна” гээд зогсож байдаг байж. Энийг маань том болтол сум даяараа ярьдаг. “Заавал авна” гэдэг хүүхэд байсан гээд. Битүүн болохоор “Цэцэ байна гээд яваач” гээд оюутан болсон хойно ч явуулдаг байсан.
Та нэг ярилцлагадаа олон жилийн тэвчээрийг давж ийм үстэй байна гэж хэлж байсан. Энэ талаар?
Хавар болохоор л хүүхнүүд “Гоё болмоор байна” гээд үсээ тайруулчихдаг. Үсээ тайруулахаар гоё болдог гэж хэн хэлсэн юм бол гэж би боддог. Өөрийгөө удирдан чиглүүлэхэд энэ их чухал үүрэгтэй гэж боддог. Нэг өдөр цонхоор харж байгаад “Гоё болмоор байна” гээд үсээ тайрна гэдэг нь сэтгэл санаагаа барьж чадахгүй байна гэсэн үг гэж ойлгодог. Хүн төлөв, төвшин байх, зан характерт ч үс гэзэг нөлөөлдөг.
Зүү ороохыг яаж сурсан бэ?
Зүү ороохыг хөдөлмөрийн багшаас сурч байсан. Анхныхаа зүү ороосон даалинг дуу хөгжмийн багшдаа зарж байлаа. Миний урлангийн бизнес их багаас эхэлж байсан юм байна гэж одоо боддог. Нэг зүйлийг хийхдээ “Яавал зөв болох вэ?” гэж их боддог.
Гаргасан номынхоо талаар хуваалцаач?
Уран бүтээлч хүн гэртээ удаан суухаар заавал юм хийх ёстой юм шиг, зүгээр сууж чаддаггүй. Юу хийх вэ гэж бодож байтал ардын дууны ном уншаад ойлгосноо тэмдэглэдэг болсон. Манай нөхөр “Хуулан бичиг хийж байгаа юм шиг” гээд шоолдог байсан. Тэмдэглэлүүдээ эргээд харахад ном болчихоор хэмжээнд очсон байсан. “Би энэ тухай ярих ёстой юм байна, хүмүүс мэдэх нь зөв” гэж ойлгосон. Тэгээд энэ жил номоо өлгийдөж авсан.
Та монгол ардын дууны утга учрыг судалдаг. Анх яагаад судалж эхэлсэн бэ?
Хүн бүр ардын дуу яагаад чухал юм бэ гэдгийг ойлгодог байгаасай гэж боддог. Монгол ардын уртын дуу 5 эгшигт хөг дээр дуулагддаг, аялгуулдаг. Европ болон бусад орны хөгжим ихэнхдээ 7 эгшиг дээр явдаг. Манайх товчилсон нь нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой юм байна гэж боддог. Юмыг маш эмх замбараатай байлгаж, тархиндаа хийж авч явдаг онцлогтой. Би нэг дуу зохиолоо гээд нэр усаа тавиад, ном зохиол болгоод үлдээдэггүй. Харин хүүхдүүддээ зааж өгдөг. Хүүхэд найр наадам дээр дуулахад нутгийн нэг нь сонсоод сурчихдаг. Ийм маягаар эрдэм мэдлэгээ тархиндаа авч үлддэг, хүүхдүүддээ гэр сургалтаар зааж өгдөг ард түмэн байсан болохоор бидний ардын дуу ийм баялаг, олон он цагийг туулсан байна.
Уран бүтээлч байхын хэцүү тал юу вэ?
Уран бүтээлч хүмүүс соён гэгээрүүлэх ёстой. “Яаж соён гэгээрүүлээд байгаа юм?” гэж зарим хүмүүс бодож байж болно. Аав, ээж, нутаг усныхаа тухай дуу их сонсдог байж. “Аав, ээжийгээ хайрлаарай, нутгаа хайрлаарай, нутгаа санаарай” гээд. Эдгээр нь бага байхад “Нээрээ л нутгаа ингэж санадаг юм байна, аав ээж маань буянтай, ачлалтай хүмүүс юм байна” гэсэн ойлголтыг өгдөг байсан. Дуу хуураар дамжуулж хүүхдийн тархинд нөлөөлдөг. Одоо хийж буй уран бүтээлчдийг харахад хааяа хэцүү санагддаг. Хүүхдүүдэд яаж нөлөөлж байгаа бол гэж боддог. Ардын дуу хуур бол бидний, миний юм. Сошиалаар “Өөрийн гэсэн дуугүй” гэх мессеж их ирсэн. Үүнд их гайхсан. Ардын дууг өөрийн гэж бодохгүй байна гэдэг сонин. Тэгвэл оперын дуучдыг ковер дуучид гэж хэлэх үү? Оперын дуучид ч гэсэн тухайн орныхоо ардын дуунаас сэдэвлэж зохиогдсон бүтээлийг дуулдаг. Тэгэхээр бусдын ардын дууг дуулж байгаа дуучид мэргэжлийн, мундаг байгаад, өөрийнхөө ардын дууг дуулж байгаа хүмүүс муу байх уу? Өөрийнхөө юмыг өөрийнхөө гэж боддоггүй юм байна. Яагаад тэгдэг юм бол доо гэж боддог. Тиймээс үзэгдэх тал дээр ч, оюун ухааны тал дээр ч, чихэнд сонсогдохын тал дээр ч өөрийнхөө юмсыг дахин сэргээж, хүмүүст харуулах нь Батцэцэглэн гэх уран бүтээлчийн туйлын зорилго гэж боддог. Магадгүй “Энэ дээл их гоё юм байна, энэ өнгө их зохиж байна, ингэж өмсвөл гоё юм байна” гэж санаа авдаг хүмүүс олон байдаг. Тэнд л миний уран бүтээл биеллээ олж байна гэсэн үг.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








