Нэг дуучин орон нутагт тоглолт хийж яваад маргаан дагууллаа. Нэр нь Б.Амархүү. Гэхдээ асуудал нь тоглолт биш. Нийгмийн ой санамж, хандлага хоёрын зөрчил.
2000-аад оны эхээр хар тамхи Монголд “шинэ соёл” шиг орж ирсэн. Хяналт сул, ойлголт бүдэг. Гадаадынхан оруулж ирж, хэрэглэж, зарж байв. Хууль, хяналт хоцорч явсан. Тэр хооронд урлаг, спортын олны танил хүмүүс нэр холбогдож эхэлсэн. Ял нь сул, хандлага нь бүр сул. Нийгэм “ингээд өнгөрдөг юм байна” гэж ойлгосон.
Тэр ойлголт өнөөдөр ч амь бөхтэй явна.
Б.Амархүү-гийн хувьд долоон жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн. Тэр үед олон нийт өрөвдөөгүй. Шууд буруутгасан. Харин өнөөдөр? Хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь “алдаа хийсэн ч хүн шүү дээ” гэнэ. Нөгөө нь “олны өмнө дахин гаргах ёсгүй” гэнэ.
Гол асуудал энд биш.
Хар тамхи гэдэг “алдаа” биш. Сонголт. Тэр нь архи уугаад хэрэлдсэнтэй адил зүйл биш. Нийгэмд үзүүлэх хор уршиг нь өөр түвшнийх. Хүн нэг удаа холбогдоод, ял аваад, дараа нь тайзан дээр гараад, дахиад алга ташуулж байвал ямар дохио өгч байна вэ?
“Болж л байдаг юм байна” гэсэн дохио.
Өнөөдрийн хамгийн том эрсдэл энэ. Хүүхдүүд харж байна. Залуус сонсож байна. Хар тамхи гэдэг хориотой зүйл биш, түр зуурын алдаа юм байна гэж эндүүрч байна. Тэр эндүүрэл хамгийн аюултай.
Дэлхийд хар тамхитай тэмцэхэд шинжлэх ухаан, эмчилгээ, асар их мөнгө зарж байна. Сая сая доллар. Харин Монголд? Бараг байхгүй. Нөхөн сэргээх систем сул. Урьдчилан сэргийлэх бодлого сул. Гэтэл хандлага нь бүр сул.
Нэг Увсын залуу шүүмжлэл хэлсэн байна. Түүнийг дэмжихийн оронд бөөнөөрөө дайрч байна. Асуудлыг нь биш, хүнийг нь онилж байна. Энэ бол сүрэг сэтгэлгээ.
Хар тамхичныг өрөвдөх, өмгөөлөх, хэвийн болгох гурван алхам явагдаж байна. Дараагийн алхам нь түгээмэл болгох.
Урлагийн хүн сайн дуулж болно. Гэхдээ нийгэмд ямар дохио өгч байгаагаа ойлгох ёстой. Алдар нэр бол эрх биш, хариуцлага. Ял авсан хүн хуулийн өмнө хариуцлагаа хүлээсэн байж болно. Харин нийгмийн өмнө хүлээх хариуцлага дуусдаггүй.
Бидэнд сонголт бий. Авьяаст нь алга таших уу, үйлдлийг нь үл зөвшөөрөх үү.
Хоёуланг нь зэрэг хийж болдоггүй.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






