Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн анхаарал татсан ноцтой асуудлын нэг болоод байна.
Дэлхийн олон улс оронд хүүхдүүд сургууль, цахим орчинд нэгнээ доромжлох, зодох, тохуурхах, гадуурхах зэрэг хэлбэрийн дээрэлхэлтэд өртөж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь хүүхдийн сэтгэлзүй, сурлагын амжилт, цаашлаад амьдралд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс олон улс орон сургуулийн орчинд дээрэлхэлтийг бууруулах тусгай хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зарим нь бодит үр дүнгээ өгчээ.
Солонгос улс сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэгт тооцогддог. Тус улс сургуулийн хүчирхийллийг нийгмийн ноцтой асуудал гэж үздэг бөгөөд урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлага тооцох цогц тогтолцоог бий болгосон байдаг.
Тухайлбал, сургуулийн орчин дахь бие махбодын, бэлгийн болон кибер хүчирхийллийн улмаас учирсан бие махбодын, сэтгэл санааны болон санхүүгийн аливаа хохирлыг 2021 оны гуравдугаар сард батлагдсан “School Violence Prevention and Countermeasures Act”-ийн дагуу шийдвэрлэдэг.
Хүчирхийллийн талаар мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн сургууль заавал дотоод шалгалт явуулах үүрэгтэй. Харьцангуй хөнгөн зөрчлийг сургууль өөрөө шийдвэрлэх боломжтой бол илүү ноцтой хэргийг багш, хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүсийн боловсролын газрын зөвлөлдөх хороонд шилжүүлдэг.
Сургуулийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон сурагчдад есөн шатлалтай шийтгэл оногдуулдаг. Хамгийн хөнгөн шийтгэлд хохирогчоос бичгээр уучлалт гуйх, хохирогчтой холбоо барихыг хориглох, сургуулийн дотоод хяналтад оруулах зэрэг багтдаг. Харин 8, 9 дүгээр түвшний шийтгэлд албадан өөр сургуульд шилжүүлэх, сургуулиас бүрмөсөн хөөх зэрэг хатуу арга хэмжээ орно.
Хэрэв хүчирхийлэл үйлдэгч 14 ба түүнээс дээш настай бол бие махбодод ноцтой гэмтэл учруулсан зэрэг хүнд тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин 14-өөс доош насны хүүхдэд эрүүгийн ял ногдуулах боломжгүй бөгөөд боловсрол, хүмүүжлийн арга хэмжээ авдаг.
Сургуулийн хүчирхийллийн шийтгэл сурагчийн хувийн бүртгэлд үлддэг бөгөөд шийтгэлийн түвшнээс хамаарч хадгалах хугацаа өөр байдаг. Тухайлбал, 1–3 дугаар түвшний бүртгэлийг сурагч төгссөний дараа устгадаг бол 4–5 дугаар түвшний бүртгэлийг хоёр жил, 6–7 дугаар түвшний бүртгэлийг дөрвөн жил хадгална. Зарим тохиолдолд хохирогчийн зөвшөөрлөөр эдгээр бүртгэлийг устгах боломжтой. Харин 8 дугаар түвшний шийтгэл ямар ч онцгой нөхцөлгүйгээр дөрвөн жилийн турш хүчинтэй хэвээр үлддэг бол 9 дүгээр түвшний шийтгэл сурагчийн боловсролын баримт бичигт байнгын бүртгэл болж үлддэг.
6 дугаар түвшин буюу сургуулиас хасах болон түүнээс дээш шатлалын шийтгэлийг Ministry of Education “хатуу шийтгэл” гэж үздэг бөгөөд ийм шийтгэл нийт тохиолдлын ойролцоогоор 5 хувийг эзэлдэг байна.
Сургуулийн хүчирхийллийн бүртгэл нь төгсөлтийн дараах амьдралд ч нөлөөлж болзошгүй. Тухайлбал, ажилд орох, их дээд сургуульд элсэхэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. 2026 оны элсэлтээс эхлэн Солонгосын бүх их, дээд сургууль элсэлтийн шалгаруулалтад сургуулийн хүчирхийллийн бүртгэлийг заавал харгалзан үзэх журам хэрэгжиж эхэлсэн.
Энэ талаар Jin Sun‑mi-ийн ил болгосон мэдээллээр сургуулийн хүчирхийллийн түүхтэй 3273 өргөдөл гаргагчийн 2460 нь буюу 75 хувь нь хүссэн их сургуулиудад элсэх боломжоо алдсан байна.
Мөн Сөүлийн томоохон их сургуулиудад өргөдөл гаргасан хүчирхийллийн бүртгэлтэй 151 сурагчаас зөвхөн нэг нь л элссэн гэсэн тоо баримт гарчээ.
Олон улсын судалгаагаар дээрэлхэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь бүх сургуулийг хамарсан цогц хөтөлбөр юм.
Норвеги улсад хэрэгжүүлдэг “Olweus Bullying Prevention Program” нь дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрүүдийн нэг юм. Энэхүү хөтөлбөр нь багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлагыг хамруулсан системтэй арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнд сургуулийн дүрэм тодорхой болгох, багш нарын хяналтыг нэмэгдүүлэх, сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг багтдаг. Олон улсын судалгаагаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлтийн түвшин ойролцоогоор 26 хувь буурсан байна.
Финлянд улсын “KiVa anti-bullying program” хөтөлбөр нь дээрэлхэлтийг зогсооход хөндлөнгийн гэрч болсон сурагчдын үүргийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, дээрэлхэлтийг харсан хүүхдүүд дуугүй өнгөрөх бус харин хохирогчийг хамгаалах, мэдээллэхийг уриалдаг. Финляндын 7000 гаруй сурагчийг хамарсан судалгаагаар энэ хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудад дээрэлхэлт болон хохирогчийн тоо мэдэгдэхүйц буурсан байна. Мөн KiVa хөтөлбөрийг Финляндын 2300 гаруй сургуульд нэвтрүүлж, олон улсад амжилттай туршиж эхэлсэн байдаг.
Олон улс сургуулийн сэтгэлзүйч, зөвлөгчийн тогтолцоог чухалчилдаг. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, зөрчилд орсон сурагчидтай ажиллах, харилцааны ур чадвар заах зэрэг арга хэмжээ нь дээрэлхэлтийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дунд сэтгэлзүйн асуудал гарах магадлал хэд дахин өндөр байдаг тул эрт үед нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Дэлхийн улс орнуудын харахад дараах арга хэмжээнүүд хамгийн үр дүнтэй:
- Сургуулийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх
- Багш, эцэг эхийг сургалтад хамруулах
- Сурагчдыг дээрэлхэлтийн эсрэг идэвхтэй оролцуулах
- Нууц мэдээлэх систем бий болгох
- Сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
- Шаардлагатай арга хэмжээг авч, зүй ёсны шийтгэл оногдуулах
Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сургуулийн асуудал биш, нийгмийн хэмжээний асуудал юм. Олон улсын туршлагаас харахад дээрэлхэлтийг бууруулахад сургуулийн бодлого, сурагчдын оролцоо, эцэг эхийн дэмжлэг, сэтгэлзүйн үйлчилгээ зэрэг олон талын арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.
Хүүхэд бүр айдасгүй, аюулгүй орчинд суралцах эрхтэй.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









