2025 онд Монгол Улс 58.1 сая толгой мал тоолууллаа. Монголын хээр талд 247.9 мянган малчин өрх бий. Энэ тоо жил бүр буурч байна.
Малын тоо их. Харин өгөөж бага.
Мал гэдэг манайд үнэгүйдэж, хөдөө амьдрах эдийн засгийн суурь сулраад байна. Үүний дүнд жил бүр хэдэн мянган өрх нийслэл рүү нүүж, өнөөдөр Улаанбаатарт 2 сая орчим хүн төвлөрөөд байна.
60 сая малтай улс яагаад малаараа баян болж чадахгүй байна вэ?
БИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ Ч ХҮН ДАЛАЙД ГАРЦТАЙ
Малыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зах зээл хэрэгтэй. Монголын хилээс 500-хан метрийн зайд тэр зах зээл нь байна. Монголын 60 сая мал Хятадын том биш дундаж хэмжээний хотын нэг жилийн хэрэгцээг ч хангаж чадахгүй. Жишээ нь, 3 сая орчим хүн амтай Бугат хотын жилийн хэрэгцээ ямар байх вэ? гэж асуухад сонин тоо гарна.
Замын-Үүдээс цааш хэдхэн зуун метрийн зайд, Эрээн хотын зах дээр махны үнэ Улаанбаатараас бараг хоёр дахин өндөр байна.
- Хонины ястай мах
УБ: 16,500–19,000₮Эрээн: 33,000–38,000₮
- Үхрийн ястай мах
УБ: ~22,000₮Эрээн: 45,000–55,000₮
- Адууны мах
УБ: ~15,000₮Эрээн: 30,000₮+
Нэг кг үхрийн мах дээр 20-30 мянган төгрөгийн зөрүү байна. Махны экспортод асар их нөөц боломж бий. Эрээнээс цааш 500 км тутам энэ үнэ 5 хувиар нэмэгдэнэ. Бид далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай.
Энэ зөрүүг экспортын хэмжээнд үржүүлбэл хэдэн зуун сая ам.долларын боломж гарч ирнэ.
Зах зээл байхгүй биш. Зах зээл 500 метрийн цаана байна. Махны экспорт малын эмчээс эхэлдэг. 30 жил хаягдсан мал эмнэлгийн тогтолцоо, ээмэгжүүлэлтийн асуудал манай эдийн засгийн гол чөдөр болж байна.
МАХНЫ ЭКСПОРТОД ХЭМЖЭЭ БИШ, ҮНЭ ЧУХАЛ
2025 онд Монгол Улс 85.4 мянган тонн мах экспортолж, 343.9 сая ам.долларын орлого олжээ. Дундаж үнэ нь кг тутамд ойролцоогоор 4 ам.доллар.
Экспортыг 100 мянган тонн болгож чадвал 100,000,000 кг Ч $4 = 400 сая $
Орлого нэмэгдэнэ, гэхдээ хязгаарлагдмал.
Хэмжээ хэвээрээ 85.4 мянган тонн байгаад, кг тутмын үнийг $6 болгож чадвал:
85,400,000 Ч $6 = 512 сая $
168 сая ам.долларын нэмэлт орлого. Өөрөөр хэлбэл, үнэ 50% өсөх нь хэмжээг 20% өсгөхөөс илүү ашигтай. Зарим үйлдвэрүүд Ойрхи Дорнод (Иран, АНЭУ, Сауд) руу 5-7+ ам.доллар/кг-аар борлуулж байна.
НООЛУУР ДАХЬ НЭМҮҮ ӨРТӨГИЙН АЛДАГДАЛ
Монгол Улс дэлхийн ноолуурын 40-45 хувийг хангадаг. Жилд дунджаар 10,000 тонн ноолуур бэлтгэдэг. Үнийн шатлал:
- Угаасан ноолуур: ~$30/кг
- Самнасан: ~$105/кг
- Эцсийн бүтээгдэхүүн: ~$140/кг ба түүнээс дээш
10,000 тонн = 10 сая кг. Хэрэв бүгдийг эцсийн бүтээгдэхүүн болговол нийт үнэлгээ 1.4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Гэвч өнөөдөр нийт ноолуурын ердөө 8.4% нь л эцсийн бүтээгдэхүүн болж байна. Энэ бол популизм биш. Энэ бол нэмүү өртгийн алдагдал.
Монгол Улс дэлхийн арьс ширний зах зээлийн ердөө 0.03%-ийг эзэлдэг. Түүхий арьс шир кг нь 4-10 ам.доллар байхад боловсруулсан арьс 15-60 ам.доллар хүрдэг. 2013 оноос хойш экспортын хязгаарлалт, зах зээлийн доголдлоос шалтгаалж:
- Хонины нэхий 8,600₮ → 2,400₮
- Үхрийн шир 32,000₮ → 5,300₮
Үнэ унасан. Боловсруулалт дутмаг. Гүн боловсруулалтын хүчин чадал сул. Гэтэл нэмүү өртөг шингээвэл үнэ 3–4 дахин өсөх боломжтой.
ХОТЫН АСУУДЛЫГ МАА ШИЙДЭЖ ЧАДНА
Нийслэлийг хямд махаар хангах бодлогоор малын махыг үнийг зориудаар барьдаг. Улаанбаатарын 1.5 сая иргэнийг хямд махтай байлгахын тулд хөдөөгийн 1.5 сая хүнийг туйлдуулж байна. Махаа цайн боожуулсан нэг төлөгний үнийг хотод барилга дээр туслах хийгээд аль эсвэл таксинд яваад нэг өдөрт олчхож байна. Хөдөөд мөнгө олохгүй бол аль орлоготой, ая тухай газар руу л нүүнэ. Зуд болоход л 10 мянган малчин хот руу зүглэж байна. Үлдсэн хэдэн малаа зарж приус болгоод, хотод ах дүүгийнхээ хашаанд 4 ханатай гэрээ бариад суурьшчихна. Ингээд нийслэлийн 250 мянган яндан дээр дахиад нэг нэмэгдэнэ. Өнөөх авсан приус нь хотын 600 мянган машин дээр нэрмээс. Хүүхэд нь сургуульд сургуулийн хүрэлцээ, өвдвөл эмнэлэгийн очерын асуудал.
Үнэндээ хотын жинхэнэ хүн ам 500 мянга хүрэхгүй. Бусад нь 21 аймгаас шилжиж ирсэн хүмүүс. Эдгээр хүмүүс хөдөөд 500 малаас сард 10 сая төгрөгийн цэвэр ашиг олдог болчихвол хот руу зүглээд байх шаардлага байхгүй. ХАА-г ашигтай, том эдийн засаг болгоод өгвөл өнөөдрийн хотын асуудал аяндаа багасна.
Хэрвээ хөдөө рүү хүн амын урсгал нэмэгдэж хотын төвлөрөл багасвал өнөөх метро, дүүжин тээврийн төслүүд хэрэггүй болно. Утааг бууруулахад зарцуулагдаж байгаа олон тэрбумын зарлага байхгүй болно. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр төвлөрлөөс шалтгаалан үүсэж байгаа энэ мэт зардлуудаараа боловсруулах үйлдвэр байгуулъя.
Жишээ нь, Улаанбаатар метро төслийн 2.4 тэрбум ам.доллараар ХАА-н түүхий эд боловсруулах хамгийн сүүлийн үеийн үйлдвэрүүдийг олон тоогоор барьж болно.
- Мах боловсруулах том үйлдвэр (автоматжуулсан, экспортын стандарттай) 10–20 ширхэг (нийт 1–2 тэрбум ам.доллар)
- Сүү боловсруулах том үйлдвэр (UHT технологи, робот савлагаатай) 10–15 ширхэг
- Ноолуур/ноос боловсруулах өндөр технологитой үйлдвэр (лазер самнах, нано будагчлалтай) 10–20 ширхэг
- Арьс шир боловсруулах үйлдвэр (chrome-free, ус хэмнэлттэй) 20–40 ширхэг
Эсвэл жижиг дунд хэмжээний үйлдвэрүүдийг (мах, сүү, ноолуур, арьс шир нийлээд 500–1500+ ширхэг) байгуулж, хөдөө орон нутагт тархаан байршуулж, экспортыг 2–3 дахин нэмэгдүүлэх, олон мянган ажлын байр бий болгох боломжтой.
Ингээд Монголын залуус үр хүүхэд, эхнэр, нөхрөө орхин барин гадаад улсыг зорих шаардлагагүй болно.
5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛ ХООСОН УРИА БИШ
Боловсруулах үйлдвэр баригдсанаар Монголын эдийн засаг дахь үр өгөөжийг тооцож үзье.
Махаа нэмүү өртөг шингээж (боловсруулж, хөлдөөж, савлаж, хагас/бүрэн бэлэн бүтээгдэхүүн болгож) экспортловол кг тутамдаа 6–10 ам.доллар (зарим премиум тохиолдолд 12+ хүртэл) үнээр борлуулах бодит боломж бий.
Монгол Улсын жилд экспортлох боломжит потенциаль 180 мянган тонн. Үүнийг боловсруулан 10 ам.доллараар борлуулбал 1.8 тэрбум ам.доллар.
Жилд экспортолдог 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортловол 1.4 тэрбум ам.долларын боломжтой.
Монгол Улсад ноолуурыг хасаад, нядлагддаг бүх малын ноос болон арьс ширийг 100% гүн боловсруулалт хийж (хивс, нэхмэл эдлэл, бэлэн арьсан гутал/хувцас г.м.), шаардлагатай бүх үйлдвэр баригдсан гэж тооцвол жилд 1 тэрбум ам.доллар орчим экспортын орлого олох бодитой потенциалтай.
Монголын хилээс 500 метрийн цаана махыг чинь авъя, ноолуурыг чинь авъя, арьсыг чинь авъя гэсэн хэдэн тэрбум ам.долларын зах зээл байна.
Бидэнд мал байна, түүхий эд байна, геополитикийн байршил байна. Байхгүй байгаа зүйл нь нэмүү өртөг шингээх бодлого, зохион байгуулалт, стандарт. 5 тэрбум ам.доллар бол хоосон уриа биш. Энэ бол боловсруулалт хийж чадвал хүрч болох дээд потенциал.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







