Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон хууль манайд бий. Сүүлийн жилүүдэд бүр ч тодорхой болгож, шинэчилсэн. Цаасан дээр бол асуудалгүй. Харин амьдрал дээр тийм биш.
Гэр бүлийн орчинд “хүмүүжүүлж байна” гэсэн нэрийн дор хүүхдэд гар хүрэх, чанга дуугарах, айлгах, доромжлох явдал байсаар. Энэ ганц нэг айлын асуудал биш болчихсон. Нэлээд нийтлэг үзэгдэл. Судалгааны тоонууд ч үүнийг нуухгүй.
Жишээ нь, 1-14 насны хүүхдүүдийн 44 орчим хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг хэлбэрийн шийтгэл амссан байдаг. Өөрөөр хэлбэл, таван хүүхдийн хоёр нь гэртээ айдас мэдэрч байна гэсэн үг. Мөн хүүхдийн эрхтэй холбоотой дуудлагын ихэнх нь гэр бүлийн орчноос ирдэг нь бас нэг дохио.
Яагаад ийм байна вэ гэхээр, бидний ойлголт өөрөө хоцрогдчихсон. “Зодвол хүн болдог”, “сахилга бат суулгах арга” гэж үздэг хандлага одоо ч байдаг. Зарим эцэг эх өөрсдөө багадаа тийм орчинд өссөн учраас тэрийгээ давтаад явчихдаг. Өөр арга мэдэхгүй, эсвэл бодож үзээгүй явдаг.
Нөгөө талаар, хүүхдэд гар хүрэхгүйгээр яаж хүмүүжүүлэх вэ гэдэг дээр бодит мэдлэг, дадал дутмаг. Уурласан үедээ яах вэ, үгэнд орохгүй байвал яах вэ гэдэг дээр олон хүн гацдаг. Тэгээд хамгийн амархан аргаа сонгодог нь л тэр зандрах, шийтгэх.
Гэтэл бие махбодын шийтгэл хүүхдийг “сайн” болгодоггүй. Харин аймхай, эсвэл эсрэгээрээ түрэмгий болгодог. Эцэг эхээсээ айдаг хүүхэд асуудлаа ярьдаггүй, нууж эхэлдэг. Худал хэлэх нь ч нэмэгддэг. Том болоод өөрөө яг тэр аргаа хэрэглэдэг болох магадлал өндөр.
Сүүлийн жилүүдэд эерэг хүмүүжлийн талаар ярих нь нэмэгдсэн. Зарим сургалт, хөтөлбөрүүд ч хэрэгжиж байна. Эцэг эхчүүд ч өөрсдөө “бид буруу зүйл хийж явжээ” гэдгээ ойлгож эхэлж байгаа нь сайн дохио. Хүүхдэдээ цаг гаргах, ярилцах, тайлбарлах, хязгаар тавихдаа ч зодохгүй байх энэ бол сурч болдог зүйл.
Гэхдээ энэ бол нэг удаагийн сургалтаар шийдэгдэх асуудал биш. Хүмүүсийн дадал, хандлага өөрчлөгдөхөд хугацаа орно. Тууштай, олон талын ажил хэрэгтэй.
Эцэст нь бол их энгийн зүйл. Хүүхэд гэртээ айхгүй байх ёстой. Хамгийн ойр хүмүүсээсээ айна гэдэг хамгийн том зөрчил. Үүнийг өөрчлөх нь хууль биш, бидний өдөр тутмын хандлагаас л шалтгаална.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






