Агаарын бохирдол, шатахууны хамаарал, хотын түгжрэл Улаанбаатарын гурван том өвчин. Үүнийг эмчлэхийн тулд төр ээлжит “ногоон” шийдвэрээ гаргалаа.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилгоор “ногоон улсын дугаар” олгох шийдвэрийг баталсан. Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед ийм бодлого гарч байгаа нь цаг үеийн хувьд ойлгомжтой.
Энэ удаа “ногоон дугаар” хэнд ч хамаагүй биш. Зөвхөн бүрэн цахилгаан (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д олгоно. Харин Prius, Aqua зэрэг энгийн гибрид (HEV), тэр ч байтугай залгадаг гибрид (PHEV) ч энэ жагсаалтаас хасагджээ.
Өөрөөр хэлбэл “тогонд залгадаг” байхаас илүү “үнэхээр цахилгаанаар явдаг” эсэхийг нь ялгаж эхэлж байна.
EREV төрлийн автомашин гэдэг нь үндсэндээ цахилгаан хөдөлгүүрээр явдаг. Харин батарей нь дуусах үед бага оврын генератор ажиллаж, цэнэгийг нөхдөг. Тэр генератор нь дугуйг хөдөлгөхгүй, зөвхөн батарейг тэжээнэ. Тиймээс “range-extended” буюу зай уртасгагчтай гэж нэрлэдэг.
Энэ ялгаа бол цаасан дээр жижиг мэт боловч бодит амьдрал дээр том. Өмнө нь ярьж байсан шиг “залгууртай л бол ногоон” гэдэг ойлголтоос ухарч, бодит хэрэглээг илүү харсан шийдэл рүү дөхөж байгаа хэрэг.
Тоон дээр харвал манай цахилгаан машины зах зээл тийм ч том биш. 2022 оноос хойш нийт 1561 цахилгаан машин импортлогдсон. Үүний дийлэнх буюу 76 гаруй хувь нь БНХАУ-аас орж ирсэн. 2024 онд оргилдоо хүрч 500 гаруй болсон импорт 2025 оноос буурч эхэлсэн нь дугаарын хязгаарлалттай шууд холбоотой.
Нөгөө талд Улаанбаатар хотод 800 мянга гаруй машин бий. Энэ тоотой харьцуулахад цахилгаан автомашины эзлэх хувь өчүүхэн.
Тиймээс богино хугацаанд “ногоон дугаар” түгжрэлийг огцом нэмэгдүүлнэ гэж хэлэхэд эрт. Гэхдээ урт хугацаанд бодлогоо яаж хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаална.
Хэрвээ энэ нь зөвхөн цэвэр цахилгаан болон EREV ангилал дээр хатуу баригдаж чадвал нэг өөр. Харин цаашдаа шалгуур сулрах, эсвэл хэрэгжилт дээрээ замхрах юм бол “ногоон” нэртэй шинэ давуу эрх бий болох эрсдэл хэвээр.
Дараагийн асуудал дэд бүтэц. Цахилгаан машин дэмжинэ гэдэг зөвхөн дугаар олгохоор дуусахгүй. Цэнэглэх станц, найдвартай эрчим хүч, засвар үйлчилгээ, хаягдлын менежмент гээд бүхэл бүтэн экосистем шаарддаг. Өнөөдөр нийслэлд энэ сүлжээ хангалттай хөгжөөгүй хэвээр.
Өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний систем ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөлд цахилгаан автомашины хэрэглээг огцом өсгөх нь өөр салбарт дарамт үүсгэх магадлалтай.
Мөн батарейн асуудал бий. 8-10 жилийн дараа солих шаардлагатай болдог энэ технологийн хаягдлыг хэрхэх вэ гэдэг асуулт одоогоор тодорхой хариугүй.
Ингээд харахаар “ногоон дугаар” бол эхлэл. Шийдэл биш.
Сайн тал нь бодлого илүү нарийсч, жинхэнэ цахилгаан хэрэглээг дэмжих чиглэл рүү орж байна. Сул тал нь дэд бүтэц, хэрэгжилтийн бэлтгэл хангалтгүй.
Хотын асуудлыг нэг шийдвэрээр шийддэггүй. Харин олон жижиг, зөв алхмын нийлбэрээр өөрчилдөг.
Энэ удаагийн алхам зөв чиглэлд ойртсон байж магадгүй. Харин түүнийг дагах бодлого, дэд бүтэц нь хэр зэрэг бодитой байх вэ гэдгээс “ногоон дугаар” үнэхээр ногоон хэвээр үлдэх эсэх шийдэгдэнэ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







