Монголчууд аливаа асуудал тулгармагц шинэ байгууллага байгуулах дуртай. Ядуурал нэмэгдвэл сан байгуулна, экспорт саарвал банк байгуулна, орон сууц хүрэлцэхгүй бол дахиад банк байгуулна. Энэ удаа "Орон сууцжуулалтын банк" байгуулах санал гарчээ. Гэхдээ асуудлын гол нь банкгүйдээ биш юм.
2013 оноос хойш Монгол Улсад 144 мянган иргэн нийт 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл авчээ. Гэтэл өнөөдөр 47 мянга орчим иргэн долоон их наяд төгрөгийн зээлийн хүсэлт гаргаад дөрвөн жилийн урт дараалалд хүлээж байна. Энэ нь ипотекийн тогтолцооны хүртээмж, ил тод байдалд асуудал байгааг харуулна.
Ипотекийн зээлийн анхны зорилго нь гэр хорооллыг багасгаж, утааг бууруулах байлаа. Харин бодит үр дүн ямар байна вэ? 2013 онд гэр хороололд 208 мянган өрх амьдарч байсан бол өнөөдөр 230 мянга болж өссөн байна. Өөрөөр хэлбэл буурах ёстой байсан тоо 22 мянгаар нэмэгджээ. Цаашлаад ипотекийн зээл авсан 144 мянган иргэний 40 гаруй хувь нь л гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байдаг.
Ийм нөхцөлд дахиад нэг банк байгуулаад асуудал шийдэгдэнэ гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг.
Монголд төр банк байгуулж зах зээлд орсон туршлага хангалттай бий. Экспортыг дэмжинэ, том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилготой байгуулсан Хөгжлийн банк юу болсон билээ. Улс төрийн нөлөө, хариуцлагагүй шийдвэрүүдийн улмаас их хэмжээний чанаргүй зээлийн үүр уурхай болж хувирсан. Төрийн банк ч мөн адил жижиг, дунд бизнесийг дэмжиж, зээлийн хүртээмжийг сайжруулна гэсэн зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Төрийн байгуулсан банк болгон зах зээлийн гажуудлыг арилгах бус, шинэ гажуудал бий болгосон түүхтэй.
Орон сууцны үнэ өсөөд байгаа шалтгаан нь банк дутсандаа биш.
Юуны өмнө Монголд зээлийн хүү хэт өндөр байна. Барилгын компаниуд орон сууцны үнийг зориуд өсгөдөггүй. Харин барилга барихын тулд жилийн 25-40 хувийн хүүтэй санхүүжилт авдаг. Өндөр өртөг эцэстээ байрны үнэд шингэнэ. Зах зээлийн хамгийн энгийн хууль энэ.
Дараагийн асуудал нь импортын хамаарал. Барилгын үндсэн материалын дийлэнхийг гадаадаас, тэр дундаа Хятадаас авдаг. Валютын ханш өсөх бүрд цемент, төмөр, тоноглолын үнэ дагаад өснө. Үүнийг банк байгуулж шийдэх боломжгүй.
Харин хамгийн том алдаа нь орон сууцжуулалтыг зөвхөн зээлийн бодлогоор харж ирсэн явдал. Үнэндээ энэ бол хот төлөвлөлтийн асуудал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг 2011-2012 онд эхлүүлсэн ч төр тууштай дэмжээгүйгээс хувийн хэвшлийн сонирхол буурсан. Үүний оронд төр өөрөө асар их хөрөнгө босгон орон сууцны төслүүд хэрэгжүүлж эхэлсэн.
Гэтэл гэр хорооллыг шинэчлэх үндсэн зарчим нь мөнгөөр газар худалдаж авах биш, газрыг орон сууцаар солих явдал юм. Ингэж байж яндан багасна, нүхэн жорлон цөөрнө, хотын орчин сайжирна. Түүнчлэн төр орон сууцны шинэ бүсүүд рүү дулаан, эрчим хүч, зам зэрэг дэд бүтцээ түрүүлж хүргэх ёстой. Дэд бүтэцгүй газар руу хот тэлдэггүй.
Тиймээс орон сууцны асуудлын шийдэл нь шинэ банк биш. Харин хямд санхүүжилт, дотоодын үйлдвэрлэл, зөв хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн бодит дэмжлэг юм. Байрны үнийг бууруулахын тулд эхлээд өртгийг бууруулах хэрэгтэй. Харин өртөг өсгөж буй шалтгааныг үл тоон дахиад нэг банк байгуулах нь асуудлыг шийдэхээсээ илүүтэй нэрийг нь л сольж байгаа хэрэг.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







