Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очирын өгсөн мэдээллээр Эгийн голын УЦС-ын асуудлаар ажилласан Орос Монголын эрдэмтэдийн багийн хийсэн судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт "Оросын талаас зарчмын хувьд дэмжиж байна" гэж гарч, протоколд 2 улсын эрдэмтдийн судалгааны баг гарын үсэг зуржээ.
"2026 оны 11-р сард Орос, Монголын эрдэмтэд Монгол Улсад усан цахилгаан станц барих нь Байгал нуурын байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх судалгааны үр дүнг танилцуулна. Энэхүү хамтарсан судалгааны дүнг Засгийн газар хоорондын комисст хүргүүлэх юм" хэмээн Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын “Наука в Сибири” хэвлэлийн цахим хуудас 2025 оны 8-р сарын 13-нд мэдээлж байсан билээ.
"Монгол Улсын 'Эгийн голын усан цахилгаан станц'-ын төсөл Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх байгаль орчны цогц үнэлгээ" сэдэвт ажлыг хэлэлцэж, уялдуулан зохицуулах зорилгоор Улаанбаатар хотноо болсон уулзалтын үеэр уг ажлын цагийн хуваарийг танилцуулжээ. Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрхүү дэх салбарын шинжлэх ухааны захирал Игорь Бычков: "Эгийн гол дээр усан барилга байгууламж барихтай холбоотойгоор үүсэж болзошгүй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг уг тайланд тусгах ёстой" гэж хэлснийг тус хэвлэлд иш татсан байна.
Оросын тал (РАН болон салбарын яамд) энэхүү тайланг эхлээд ирэх 11 дүгээр сарын 18-нд өөрийн академи дээрээ албан ёсоор хүлээж аваад, түүний дараа буюу Засгийн газартаа хүргүүлэх үедээ албан ёсны нийтлэл, мэдэгдлийг оросоор гаргахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бас байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалтын үеэр Эгийн голын төслийг урагшлуулах, эрдэмтдийн хамтарсан ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байдаг. Оросын тал өмнө нь Байгал нуурын усны түвшинд нөлөөлнө гэж 10 гаруй жил уг төслийг гацааж байсан бол энэ удаад эрдэмтдийн дүгнэлтээр "байгалийн урсцыг алдагдуулахгүй байх инженерийн шийдлийг" Оросын эрдэмтэд зарчмын хувьд зөвшөөрсөн бололтой.
ТАТАР МАЙДАР





Нийгэм


