Улаанбаатар хотын гэр хорооллын дундах уламжлалт Монгол гэрийн дотор хүүхдүүд шүдээ үзүүлэхээр урт дараалал үүсгэн зогсоно. Энэ бол алслагдсан бүс нутгуудад тэр бүр олдоод байдаггүй шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр уудам тал нутгийг туулан яваа нэгэн явуулын эмнэлгийн өдөр тутмын дүр зураг юм хэмээн The Japan Times бичжээ.
.jpg)
Өдгөө Монголын зуун зуун мянган хүүхэд чихэрлэг ундаа, бэлэн боловсруулсан хүнсний замбараагүй хэрэглээ болон амны хөндийн арчилгаа дутагдсанаас болж шүдний ноцтой өвчлөлд нэрвэгдээд байна. Харин Мишээл кидс сан болон тэдний явуулын эмнэлгийн багийнхан асар хол зай, тэсгим хүйтнийг үл ажран нийслэл хотын гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламжийг хүргэж байна.
.jpg)
Нийслэлийн нэгэн асрамжийн газарт явуулын эмнэлэг зочлох үеэр 14 настай Агиймаа охин сэтгүүлчид ярихдаа, шүдний эмч нар өнөөдөр ирж, шүдээ хэрхэн зөв угаахыг бодитоор зааж өгсөн нь маш их хэрэг боллоо, хэрэв хэн нэгэн бидэнд зааж өгөхгүй бол бид өөрсдөө яаж угаахаа сайн мэддэггүй шүү дээ хэмээн өгүүлсэн юм. Мөн эмчилгээ хийлгэсэн найман настай Алтанзул охин шүд маань маш их өвдөж байсан болохоор эмч нар ирсэнд үнэхээр их баярлалаа гэж баярлан ярив.
.jpg)
Тус сангийн хүүхдийн шүдний эмч бөгөөд төслийн менежер Намуунаагийн хэлснээр Монгол Улсын хэмжээнд 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цооролтой байдаг байна. Бид үнэхээр ноцтой нөхцөл байдалтай нүүр тулаад байна гэж тэрээр Улаанбаатар дахь төвийнхөө байранд ярихдаа онцолсон юм. Социалист систем нуран унаснаас хойшхи гуч гаруй жилийн хугацаанд Орос, Хятад хоёрын дунд орших энэ улсын иргэдийн хоолны дэглэм асар хурдтай өөрчлөгдсөн байна. Уламжлалт нүүдэлчин соёлтой 3.6 сая хүн ам өдгөө маш хурдацтайгаар хотжиж байна. Малчдын өв соёлд голлох үүрэг гүйцэтгэдэг байсан мах, цагаан идээний хэрэглээг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг чихэрлэг зууш, хийжүүлсэн ундаанууд орлох болжээ. Гэвч олон хүүхэд, ялангуяа Улаанбаатар хотын зорилтот бүлгийн гэр хорооллын хүүхдүүдэд эцэг эх, сургуулийнх нь зүгээс амны хөндийн наад захын эрүүл ахуйг зааж сургадаггүй байна. Нийслэл хотод шүдний эмнэлгүүд элбэг байдаг ч хөдөө орон нутагт энэ төрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр байдгийг Намуунаа эмч хэлэв.
Орон нутгийн хүүхдүүд шүд нь өвдсөн ч зүгээр л өвдөлтөө тэвчиж амьдрахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэрээр бусад эмч нарын хамт улс орон даяар шүдний аялал хийж, эрүүл мэндийн үйлчилгээ хязгаарлагдмал эсвэл огт байхгүй газруудад үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийдэг.
.jpg)
Мишээл кидс санг Швейцарийн амны хөндийн эрүүл ахуйн мэргэжилтэн Габриэлла Шмидт Корситто анх үүсгэн байгуулжээ. Тэрээр Монголын хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлийн түвшинг хараад маш их цочирдсон байна. Түүний хэлснээр Улаанбаатараас хэдий хол байхаас үл хамааран аль ч дэлгүүрт орсон асар их чихэрлэг хүнс зарагддаг байна. Үүнээс ч дор зүйл нь олон эцэг эхчүүд чихрийн байнгын хэрэглээ ямар хор уршигтайг мэддэггүй бөгөөд хүүхдүүддээ шүдээ тогтмол угаахыг заадаггүй. Энэ хоёр хүчин зүйл нэгдэхээрээ амны хөндийн жинхэнэ гамшгийг бий болгож байна гэж тэрээр тайлбарлав. Монгол хэлний мишээл буюу инээмсэглэл гэдэг үгээр нэрлэгдсэн тус сан нь арав гаруй жилийн турш амны хөндийн зөв дадлыг төлөвшүүлэхийг хичээж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 22,000 гаруй хүүхдийг эмчилсэн байна. Тус ТББ-ын шинээр байгуулагдсан шүдний эрүүл мэндийн төв нь Улаанбаатар хотын гэр хороололд байрладаг. Тэд шүдний үйлчилгээ үзүүлэхээс гадна хүмүүсийг сургагч багшаар бэлтгэж, асрамжийн газар, өдрөөр үйлчлэх төвүүдэд тогтмол очдог.
Таван хүүхдийн ээж Алимаа тус төвд зохион байгуулагдсан амны хөндийн эрүүл мэндийн сургалтад хамрагдсаныхаа дараа ярихдаа, өөрөө Архангай аймагт өссөн бөгөөд багадаа шүдний эмнэлэгт огт очиж үзээгүй гэлээ. Гэхдээ түүнийг хүүхэд байхад амттан тийм ч элбэг байсангүй. Одоо харин тэрээр хүүхдүүддээ бусад айлд байдаг шиг чихэрлэг зууш, ундаа өгөхийн оронд уламжлалт хатаасан цагаан идээ болох ааруул өгөхийг илүүд үздэг болсон байна.
Тус сангийн шүдний аяллыг эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон явуулын багууд гүйцэтгэдэг бөгөөд ердийн үзлэг, цэвэрлэгээнээс эхлээд сувгийн эмчилгээ, шүд авах зэрэг нарийн ажилбаруудыг ч газар дээр нь хийдэг байна. Аяллын үеэр өдөрт 50-иас 80 хүүхэд үзэх өдрүүд ч байдаг тухай шүдний эмч Намуунаа хуваалцав. Энэ нь бие махбод болон сэтгэл зүйн хувьд маш их ядаргаатай байдаг ч хүүхдүүдэд энэ эмчилгээ ямар их хэрэгтэй байгааг хараад цааш үргэлжлүүлэх урам зориг ордог гэж тэрээр хэлэв. Өнгөрсөн жил тус сангийн санхүүжилтийн дийлэнх хувийг Европын сангууд болон хувийн донорууд бүрдүүлсэн бөгөөд Монголын засгийн газар болон дотоодын байгууллагууд ч тодорхой дэмжлэг үзүүлжээ. Санхүүжилт олно гэдэг тасралтгүй хөдөлмөр шаарддаг ажил бөгөөд цаашид Монголын эрх баригчдаас илүү их дэмжлэг авахаар хичээж байна. Бид улс орныг бүхэлд нь хамарч чадахгүй ч бусад хүмүүс хуулбарлан хэрэгжүүлж болох бэлэн жишээг бий болгож чадлаа гэж тэрээр яриагаа өндөрлүүлэв.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд



