Н.Алтанхуягийн Засгийн газрын албан тушаалтнууд 11 жилийн өмнө “Арева” компаниас 1,2 сая еврогийн авлига авсныг Францын шүүх энэ онд тогтоосон. Тухай үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нар авлига авч, лицензийг нь сунгаж өгсөн. “Арева” үүнийгээ хүлээн зөвшөөрч, шүүхийн зардалд 4,2 сая евро төлсөн. Францын хууль шүүх ажлаа хийчихлээ. Харин Монголын тал авлигатай тэмцэх ажлаа хийх ? Ахин 6 жил ажиллах эрхээ сунгуулсан АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хөгжлийн том төслийг гацааж, баялгаасаа өгөөж хүртэх монголчуудын боломжийг хувьдаа завшсан албан тушаалтны толгойг ийм илэрхий асуудал дээр илсээр байх уу?
Зам бүхэн Ром руу хөтөлнө гэдэг. Улс орны хөгжил, геопотикийн олон талын нөлөө бүхий ураны төслийг гацаасан авлига ахиад л Х.Баттулга гэсэн нэрийг зааж байна. Ашигт малтмалын лицензийг нь сунгаж өгсөн Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх. Д.Үүрийнтуяа өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шалгалт дүгнэлт дээр гарын үсэг зурдаг дарга болж шийтгүүлэх биш шагнуулсан. Манаачийг хэн манах вэ? гэдэг шиг Д.Үүрийнтуяа өнөөдөр хянагч биш хянуулагч байх ёстой хүн.
Авлигын мөнгийг найзаараа дамжуулан, “Туул гарден” тансаг ангиллын хороололд оруулж, олон байр сууц худалдаж авсан О.Эрдэнэбулган Н.Алтанхуягийг Сангийн сайд байхаас нь туслахаар нь ажилласан, нутгийнх нь дүү, Засгийн газарт нь дэд сайдаар ажиллаж байсан. Н.Алтанхуяг өөрөө Х.Баттулгын ахлах зөвлөх явсан.
Энэ бол хөгжлийг гацаасан, хүн бүрийн хүртэх өгөөж, боломж, цалинг булаасан тодорхой жишээ. Францын хууль шүүх авлига өгсөн талыг нь тогтоочихлоо. Монголын хууль шүүх авлига авсан талыг нь хэзээ тогтоох вэ? Улсын хөгжлийг гацаасан ураны авлига бол “Төгрөг нуур”-ыг оффшорт зарсантай агаар нэг асуудал. Ийм ил тодорхой хэргүүд замхраад байвал авлигын индекс ахихгүй, Монголын нэр хүнд өсөхгүй, хөрөнгө оруулалт татах нь хоосон үлгэр, хурал форумын худал яриа хэвээрээ үлдэнэ.