Гашуунсухайтын төмөр зам болон оффтэйк гэрээнд олон улсын аудит оруулж, холбогдсон бүх албан тушаалтныг шалгуулна, энэ бүх асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал сүүлийн үед улс төрд өрнөж буй нөхцөл байдал болон сөрөг хүчин, УИХ-ын гишүүдийн санаачилж буй сонсголын шаардлагад тусгагдсан Гашуунсухайтын төмөр зам, “Бодь” группийн оффтейк гэрээний асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийллээ.
Тэрээр тухайн үед төр засагт ажиллаж, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд нам эвсэл, албан тушаал харгалзахгүйгээр хуулийн өмнө шалгуулах ёстойг онцлов. Ерөнхий сайд “Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтэйк гэрээтэй нэр нь холбогдсон, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж шийдвэр гаргалцсан бүх өндөр албан тушаалтнууд шалгуулах ёстой. Манай, танай гэлтгүй хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн хагас дутуу байж болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд нуугдаж, энэ асуудлаас зугтах эрх хэнд ч байхгүй” хэмээн мэдэгдлээ.
“Энэ бүх асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй”
Ерөнхий сайд Н.Учрал уг асуудлын эх үндсийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбон тайлбарласан юм. Тэрээр “Үнэнийг хэлэх цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. Тэрээр 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авч, оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. Улмаар 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж өмнөөс нь гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь хил давж зугтсан” гэв.
"Х.Баттулга ерөнхийлөгч асан Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авсан. 250 сая ам.долларыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр босгож бусдад зарсан гэх асуудлыг ярьж 507 хуудас материалыг олон улсын Хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудаас авч, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэвч одоог хүртэл хариу байдаггүй" хэмээн онцолсон юм.
Олон улсын аудит оруулж, хуулийн байгууллагад хугацаатай үүрэг өгнө
Цаашид уг хэргийг мухарлах, олон нийтийн эргэлзээг тайлах чиглэлээр Засгийн газраас дараах тодорхой арга хэмжээг авахаар болжээ:
-
Олон улсын үнэлгээ, аудит: Гашуунсухайтын төмөр зам болон оффтейк гэрээтэй холбоотой бүх процесст олон улсын санхүүгийн үнэлгээ, хөндлөнгийн аудит оруулах үүрэг чиглэлийг “Чингис хаан” үндэсний баялгийн сан нэгдэлд өгсөн байна.
-
УИХ-ын сонсголыг дэмжих: Сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэж, сонсгол санаачилж буй гишүүдийг нам харгалзахгүйгээр дэмжин, шаардлагатай бүх мэдээллээр хангуулж, дүгнэлтийг нь хууль хяналтын байгууллагад хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.
-
Хуулийн байгууллагад хугацаатай үүрэг өгөх: Баримт материалуудыг нь хүлээлгэн өгсөн ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй олны анхаарал татсан хэргүүдийн асуудлаар хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгөхөө мэдэгдэв.
“Чөлөөлөлт 2030” ба Төрийн тэргүүний жишиг
Мэдэгдлийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Н.Учрал нам, эвслээрээ талцан хуваагдахыг зогсоож, хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг уриаллаа.
Тэрээр “Бүгдээрээ энэ хүнд цаг үеийг хамт туулан гаръя. Хэн нэгэн хуулиас давж гишгэхгүй байя, зугтахгүй байя. Хууль хяналтын өмнө бүгдээрээ тэгш эрхтэй байя. Мэдэх эрхээ хангуулж, чөлөөтэй сайхан ажиллацгаая. ‘Чөлөөлье’ гэдэг санаачилга чинь энэ шүү дээ. Бие биенийхээ эрх чөлөө рүү халддаг энэ байдлыг таслан зогсооё. Ийм учраас арваннэгдүгээр сарын 27-нд ‘Чөлөөлөлт 2030’ гэдэг бодлогын баримт бичиг Засгийн газарт хүргэгдэнэ. Энэ үеэр бүх сайд нарынхаа хамтаар өдөр товлож байгаад та бүхэнтэй нээлттэй ярилцъя.
Авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, улс оронд үүсээд байгаа тулгамдсан асуудлыг давж гарахад би хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна. Одоо энэ улс төрийн нам, эвслээрээ бүлэглэн хуваагддаг, бие биеэ харлуулдаг байдлаасаа салцгаая. Хүний өөрийнгүй хууль шүүхийн өмнө шударга байя. Үүнийг Төрийн тэргүүн манлайллаа. Төрийн тэргүүний энэ жишгийн дагуу бүх хүн, төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнээсээ юу ч нуухгүй, хамтдаа хичээж ажиллацгаая” хэмээн үгээ өндөрлөв.
ТАТАР МАЙДАР





Улс төр



