Хавар сургуулиудын амралт эхлэх үеэр сая сая залуус Флоридаг зорьж, Майами эрэг дээр ханатлаа зугаацаж, цэнгэцгээдэг нь уламжлал болсон. Covid-19 өвчин дэгдсэн энэ жилийн хавар ч гэсэн зугаа цэнгэлд хөтлөгдсөн залуус засгийн газрын зөвлөмж, хөл хориог үл тоон "жаргахаар" Майамид ирцгээжээ.
Гэтэл Майамид очоод ирсэн Тампагийн их сургуулийн таван оюутан Covid-19 -ын халдвар авсан болох нь батлагдсан байна.
Тампагийн их сургууль анх гуравдугаар сарын 20-нд Майамигаас ирсэн нэг оюутан нь халдвар авсныг мэдээлжээ. Гэтэл тун удалгүй хамт явсан оюутнуудаас тав нь уг өвчний халдвар авсан болохыг тогтоосон байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас олон хүн нэг дор цуглахыг хориглосон ч ард иргэд үл ойшоож буй аж. Ийнхүү эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үл тоож байгаа хүмүүс нь ихэвчлэн 25-40 насны, нийгмийн хамгийн том хэсэг байгаа нь мэргэжлийнхний санааг зовоож эхэлжээ.
Иймд мэргэжилтнүүд "Хэдийгээр өвчин тусах эрсдэл хөгшчүүдэд хамгийн их байгаа ч энэ нь залуу хүн шинэ коронавирусын халдвараар өвчлөхгүй гэсэн үг биш. Сүүлийн үед зугаа цэнгэлдээ хөтлөгдсөнөөс болоод халдвар авсан олон залуус эмнэлэгт хэвтэж байна. Гэртээ байхдаа ч олуулаа битгий цугла" хэмээн зөвлөж байна.