Цаг үеийн мэдээ

УИХ-аас Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн  баталлаа. 

Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусийн халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.    

Гепатитын D вирусийн халдварыг эмчлэх Булевиртид эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг  эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.  

Гэвч Булевиртид нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад  хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой юм.

Таны сурталчилгаа