Манай урд хөршөөс үүсэлтэй коронавирус тахлын ээлжит томоохон хохирогч нь манай хойд хөрш ОХУ болж хувираад байна. Дэлхий нийтийн анхаарал АНУ, Итали, Испани зэрэг барууны орнуудад хандаж байх зуурт Орост нөхцөл байдал илүү хүндрээд байгаа юм. Өнөө өглөөний байдлаар ОХУ-д халдварын баталгаажсан тохиолдол 32,000 давж, 270 гаруй хүн нас бараад байна. Ерөнхийлөгч В.Путин үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Ялалтын баяр”-ын парадыг цуцлах буюу хойшлуулснааар энэ жил эх орны дайны түүхт 75 жилийн ойн баярын арга хэмжээнүүд хязгаарлагдаж байна.
Түүнчлэн Оросын үндэсний иргэний агаарын тээврийн компани болох Аерофлот нь 8 сарын 1 хүртэл бүх олон улсын нислэгүүдийн тасалбарыг худалдахаа зогсоосон байна.
Оросын засгийн газар Хятад улсын зохион бүтээсэн хумхаа өвчний эсрэг эмийг (гидроксихлорокцин) коронавирусийн халдвартай өвчтнүүдээ эмчлэх зорилгоор ашиглаж эхлээд байгаа юм. Уг эм нь албан ёсоор баталгаажаагүй, хангалттай судлагдаагүй эм бөгөөд маш аюултай сөрөг нөлөө агуулж байж болзошгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Гэсэн ч Оросын эрх баригчдын зүгээс дээрхи олон улсын анагаахын салбарт хараахан баталгаажаагүй эмийг хэрэглэж байна.
Дэлхийн хэмжээнд хамгийн их Covid-19 вирусийн тархалттай улс болоод буй АНУ-д нийт 706,000 тохиолдол бүртгэгдэж, 32230 гаруй хүн нас бараад байна. Эдгэсэн хүний тоо 58447 болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай дэлхийн 210 орчим улс орон, газар нутагт Коронавирусийн халдварын баталгаажсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.
Д.Жаргалсайхан