Ираны Тегеран хотын иргэн Сахар Табар гэгч бүсгүй өөрийн гэсэн өвөрмөц мөрөөдөлтэй. Тэрээр холливудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн галзуу шүтэн бишрэгч бөгөөд яг түүнтэй адилхан болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлсэн тэрээр гоо сайхны 50 удаагийн мэс засалд орж, 40 гаруй кг жин хассан билээ. Тэрээр “Инстаграм” хуудсандаа 261 мянган дагагчтай бөгөөд тэдэндээ “Анжелина Жоли болон хувирах үйл явц”-аа байнга үзүүлдэг гэнэ.
Тэгвэл Анжелина Жолигийн “аймшигтай хувилбар” хэмээн алдаршсан Иран бүсгүй Сахар Табар (Sahar Tabar)-ыг Тегеран хотод баривчилж, инстаграм хуудсыг нь хаасан байна.
Учир нь 22 настай энэ бүсгүйг лалын шашны ариун зүйлсийг гутаан доромжилсон, залуучуудыг хүчирхийлэл, авлигад уруу татсан, хууль бусаар хөрөнгөжсөн болон лалын шашинт эмэгтэйчүүдийн хувцаслалтыг доромжилсон зэрэг хэрэгт буруутгасан билээ. Өдгөө шоронд хоригдож буй тэрээр коронавирусийн халдвар авч биеийн байдал нь таагүй байгаа талаар NewsArab сайтад мэдээлжээ.