Цаг үеийн мэдээ

80 жилийн түүхтэй дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг “Tom and Jerry”-гийн найруулагч Жин Дейч 95 насандаа таалал төгссөн байна. Оскарын шагнал хүртэж байсан тэрээр Чехийн нийслэл Прага хот дахь өөрийнхөө гэрт 4 дүгээр сарын 17-нд насан эцэслэжээ.

Нэрт найруулагч, зураач Жин Дейч “Tom and Jerry”-гээс гадна “Далайчин Папая”, “Манро”, “Нудник”, “Том Тэррифик” зэрэг хүүхэлдэйн кинонуудыг бүтээсэн юм.  Түүний бүтээсэн “Манро” хүүхэлдэйн кино 1960 онд шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киногоор шалгарч Оскарын шагнал хүртэж байсан юм.

1924 оны 8 дугаар сарын 8-нд Чикагод мэндэлсэн тэрээр 1959 онд Прага хотод 10 хоногийн хугацаатайгаар ирэхдээ эхнэр Зденкатайгаа танилцан хайртай болж улмаар тэндээ амьдрахаар суурьшин үлдэж байсан байна.

Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан хүүхэлдэйн кинонуудыг нь үзэж өссөн олон сая үзэгч дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар эмгэнэл илэрхийлж, дурсгалыг нь хүндэтгэж байна.

Эх сурвалж: businesstoday