АНУ цагаачдыг хүлээн авахаа түр хугацаанд зогсоох болно гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Даваа гарагийн орой твиттерт бичсэн үгэндээ тэрээр “Нүдэнд үл үзэгдэх дайсны халдлагаас шалтгаалан, агуу Америк иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахын тулд АНУ-д ирэх цагаачдыг түр хугацаанд хүлээн авахгүй байх тогтоолыг батлах болно ” гэсэн байна.
Энэ шийдвэр хэзээ батлагдаж, ямар хугацаанд үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байна. АНУ коронавирусийн цар тахалтай холбогдуулан 5 дугаар сарын дунд үеийг хүртэл зөвхөн хүндэтгэх зайлшгүй шалтгаантай иргэдийг Мексик болон Канадын хилээр нэвтрүүлж байгаа юм.
Коронавирусээр халдварлагсдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д 786 мянга орчим хүн халдвар авч, 42 мянга гаруй хүн амиа алдаад байгааг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна. Хөл хорионоос болж тус улсад 22 сая орчим хүн ажлын байраа алдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС