Цаг үеийн мэдээ

Оксфордын их сургуульд гаргаж авсан ковид-19-ийн эсрэг вакциныг 4-р сарын 23-наас хүн дээр туршиж эхлэнэ гэдгийг Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдлээ. Хэрэв туршилт амжилттай болвол энэ намар гэхэд хэдэн сая тун вакцин үйлдвэрлэн гаргах боломжтой болох юм байна.

Их Британийн засгийн газар цар тахлын эсрэг вакцин гаргаж авах ажилд нь зориулж Оксфордын их сургуулийн судалгааны багт 20 сая фунт стерлингийг олгосон байна. Мөн вакцин гаргаж авах ажилд оролцож байгаа Эзэн Хааны Коллежид 22,5 сая фунт стерлинг олгожээ.

Аливаа вакциныг гаргаж авахад доод тал нь 18 сар шаардлагатай болдог юм байна. Харин Оксфордын Их Сургууль болон Эзэн Хааны Коллежийн эрдэмтэд 9 дүгээр сар гэхэд вакциныг өргөн хэмжээнд үйлдвэрлэж эхлэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын  нийт 2 сая 402 мянга 250 тохиолдол бүртгэгдэж, 163,097 хүн амиа алдаад байгаа юм байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд халдварын 72,397 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: independent

Таны сурталчилгаа