Коронавирус цар тахлаас болж дэлхийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс анхааруулж байна.
Хэрэв хүнсний хомсдлын эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 135 саяас 250 сая болж нэмэгдэн, 30 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдахад ойрхон байгааг тус хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли анхааруулж байна.
Зэвсэгт зөрчилдөөн, эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөд өртсөн Йемен, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Афганистан, Венесуэль, Этиоп, Өмнөд Судан, Судан, Сири, Нигери, Гайти зэрэг улсуудад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа юм байна.
Өмнөд Судан улсын хувьд өнгөрсөн жил хүн амынх нь 61 хувь хоол, хүнсний хямралд өртсөн байна. Ган гачигаас болж хүнсний хомсдолд өртөөд байсан Зүүн Африк болон Өмнөд Азийн зарим орнуудад коронавирусийн цар тахлаас болж байдал улам хүндрээд байгааг Дэвид Бисли НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хийсэн видео хурлын үеэр хэлсэн байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөр дотоодын зэвсэгт мөргөлдөөнтэй Йемен улсад л гэхэд сард 12 сая хүнийг хооллодог юм байна. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж энэхүү тусламжаа 2 дахин багасгахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС