Дэлхийн исламын шашинтнуудын ариун сар “Рамадан” энэ баасан гарагт эхэллээ. Арабын ертөнцийн ихэнх орнуудад хөл хорио үйлчилж, олноороо цуглархыг хориглоод байгаа билээ. Эрх баригчид нь “Рамадан” сарын тусгай мөргөлийг гэр, гэртээ үйлдэхийг сүсэгтэн олондоо уриалж байгаа юм.
Харин Египет, Сири, Дубай, Багдадад хөл хориог сулруулж, зарим дэлгүүрүүдийг нээлттэй байлгаж, хүмүүсийг гудамжаар явахыг зөвшөөрөөд байгаа юм байна.
Пакистанд зарим номлогчид эрүүл ахуйн зөвлөмж, зааврыг мөрдөн сүсэгтнүүдэд сүмээ нээлттэй байлгахыг хүсч байгаагаа илэрхийлээд байгаа юм байна.
Индонезид хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдлыг үл харгалзан ихэнх сүмүүд нь нээлттэй байгаа юм байна. Сүсэгтнүүд амны хаалт зүүж мөргөлдөө оролцож байгаа ч, хоорондоо зай барихгүйгээр ойрхон сууцгааж байгаа юм байна.
Исламын шашинтнууд “Рамадан” сарыг дуустал үүрийн гэгээнээс нар жаргатал огт юм идэж, уухгүйгээр мацаг барьдаг ёстой юм. Үүнээс гадна хараал хэлэх, муу үйл хийх, мацаг барьж байгаа хүмүүс бэлгийн харьцаанд орохыг хатуу цээрлэдэг юм.