Цаг үеийн мэдээ

Коронавирусийн цаг үед Засгийн газраас хэд хэдэн шийдвэр танилцуулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд нь цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байгаа тохиолдолд эрчим хүчийг хязгаарлахгүй, алданги тооцохгүй гэж танилцуулж байсан юм.

Харин энэ шийдвэр нь хэрэгжихгүй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэллтсийн дарга Д.Саранчимэгээс тодрууллаа.

Тэрээр "Эрчим хүчний хууль, гэрээний дагуу 15-20 хоногт төлбөр толоогүй тохиолдолд тогийг хязгаарладаг байсан бол одоогоор 60 хоног буюу 2 сарын хугацаанд төлбөр төлөөгүй иргэд рүү ярьж, 1-2 хоногийн хугацаа өгч, хэрэв заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд цахилгааныг хязгаарлаж байна.

Бид өдөрт дунджаар 800-1000 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түтгэлзүүлж байгаа. Харин төлбөр төлсөн тохиолдолд тэр даруй цахилгааныг залгаж өгч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчийг түтгэлзүүлэхгүй бай гэсэн албан бичиг ирээгүй учир хууль ёсны дагуу авах арга хэмжээгээ авч ажиллана. Хэрэв шаардлага ирсэн тохиолдолд түтгэлзүүлэхгүй байх чиглэлээ барина.

Сүүлийн үед коронавирусийн хөл хориотой холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч байна. Үүнээс шалтгаалан цахилгааны төлбөр өндөр гарлаа гэсэн гомдлууд их ирэх боллоо. Энэ нь өдөр тутмын байнгын хэрэглээтэй холбоотой. Тиймээс цахилгааны хэрэглээгээ хэмнэлттэй хэрэглэх тал дээр анхаараарай. Мөн УБЦТС ТӨХК нь алдангийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл тооцохгүй байх шийдвэр гарган ажиллаж байгаа. Энэ цаашид сунгагдаж магадгүй" гэлээ.

Шууд үзэх: https://www.facebook.com/zugii/videos/232993771282711/?v=232993771282711

Таны сурталчилгаа