Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Анбаунд Монгол” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төрийн бус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газартай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтод хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах юм.
Төсөл хэрэгжих хугацаанд 2018 оноос 2020 оны 01 дүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3602 охид, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.
Мөн эдгээр охид, эмэгтэйчүүдээс эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.
КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна.
Ингэснээр АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж.
Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.
Эдгээрээс эрсдэлт буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр ХЭҮК-т өглөө.