Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа:
-Нүүрсийг 800 градуст жигнэж, тэнд байгаа хүхэр, давирхай, химийн хүнд элементүүдийг байхгүй болгодог. Ийм нүүрсийг хагас кокс гэж байгаа юм. Ган хайлуулахад ашиглагддаг, 8000-аас дээш илчлэгтэй нүүрсийг кокс гэнэ. Ийм нүүрсийг Монголд үйлдвэрлэж эхэлж байна. Хагас коксын үйлдвэр хоёр жилийн дараа байгуулагдахаар байгаа. Бид нар импортоор гаднаас хагас коксыг оруулж ирье гээд судалгаа хийж үзэхэд зөвхөн Улаанбаатар хотын жилийн хэрэглээ бараг нэг их наяд руу дөхөж байгаа. Тиймээс мидлинг сууриар хийж байсан түүхий эдээ өөрчилье. Нэгэнт Монгол Улсад нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод "Эрдэнэс тавантолгой" баяжуулсан нүүрс гаргаж эхэлж байгаа. Тиймээс тэр үйлдвэрээс эрчим хүчний нүүрс баяжуулаад тэндээс авсан нүүрснийхээ 60 орчим хувийг шигшүүрээр тэр чигт нь савлаж, 2025 онд заръя, өөрөөр хэлбэл дунд ямар ч барьцалдуулагч оруулахгүй. Баяжуулна гэдэг бол угаана гэсэн үг. Бидний гаргасан стандартад нийцэхүйц нүүрсийг шууд шигшүүрт шигшээд савлаад 10 сараас хэрэглээнд гаргаад заръя. Ирж байгаа түүхий эд нь бүгд тийм стандарт хэмжээтэй ирдэггүй юм байна. Тэгэхээр үлдэж байгаа хэсэгт нь одоогийн Тавантолгой түлшний үйлдвэрийн технологиор нунтаглаад, импортын барьцалдуулагчтай холиод савлаж заръя гэдэг дээр хоёр талаасаа тохиролцсон.
2019 онд 350 мянган тн нүүрс хэрэглэсэн. Тэрнээс хойш 550 мянган тн-оос буухгүй байгаа. Хэрэглээ 70 хувиар өсөөд явж байгаа. 2022 оны судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 хувийг автомашины угаар бүрдүүлж байсан. Энэ жил энэ тоо 30 гарчихсан явж байгаа. Тиймээс утаанд нөлөөлж байгаа бүх зүйлээ шийдэх шаардлагатай. Энэ ч нүүрс нь сайн байсан тэр нь ийм байсан гэж ярьдаг. Гэхдээ гал түлж байгаа бол утаа гарч л таарна. Тиймээс энэ жилээс газ руу шилжинэ. Хотын 170 уурын зуухыг газ руу шилжүүлнэ. 2226-н нам даралтын зуухнуудыг технологийг нь өөрчилнө.