Кени улсад хөл хорио тогтоох шийдвэрийн дагуу гудамжаар эргүүл хийж явсан цагдаагийн албан хаагч санамсаргүйгээр гал алдаж тагтан дээр сууж байсан хүүг буудсан хэрэг гарчээ. Жаал хүү цус их алдсанаас болж эмнэлэгт нас барсан тухай CNN мэдээлж байна.
Хүү эгчтэйгээ цагдаагийн албан хаагчийг харахаар тагтан дээрээ гарсан байна. Түүний эгчийн хэлж байгаагаар буу үүрсэн цагдаа эхлээд тэдэн рүү гэрэл тусгаад дараа нь гал нээж эхэлсэн байна. Нэг сум нь хүүгийн гэдсэн тушаа газар онож хөршүүд нь түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шарх нь амь насанд халтай байжээ.
Кени улсад эргүүлийн цагаар алба хаагчдад зөрчил гаргасан этгээд рүү гал нээхийг зөвшөөрдөг байна.
Amnesty International байгууллагын хүний эрхийг хамгаалагчид тус улсад хөл хорио тогтоосны дараагаас 16 хүн амь насаа алдсан гэдгийг онцолжээ. Тэдний үзэж байгаагаар ийм хүч хэрэглэх нь тахалаас айж буй хүн амыг айлган сүрдүүлж байгаа хэрэг ажээ.