"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр" тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал, 1998 онд энэ өдрийг анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэ өдрийг анх олон нийтэд таниулсан. Улмаар 2018 оноос Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аяныг өрнүүлж өдгөө 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Хэдийгээр манай улс хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдрийг 2006 оноос тэмдэглэж ирсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн буюу Ковид-19 вирусээс болж хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчрхийлэл тэр дундаа хүүхдэд хүчирхийлэлд өртлөө гэсэн дуудлагын тоо нэмэгдсээр байна.
Зөвхөн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв л гэхэд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс:
- Хүүхэд хамгааллын дуудлага 4456
- Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 157
- Зөвлөгөө хүссэн дуудлага 1283
- Мэдээлэл, лавлагаа хүссэн дуудлага 8177
- Зорилтот бус дуудлага 241(хаяг байршил, утасны лавлагаа, үзвэр үйлчилгээ, бусад) тус тус ирсэн байна
Хүүхэд хамгааллын 4456 дуудлагаас хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1326 дуудлага буюу хэргийн тохиолдолд хувийн хэрэг нээж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж өнөөдрийн байдлаар 252 хэргийн тохиолдлыг амжилттай шийдвэрлэжээ. Үлдсэн 1074 хэргийн тохиолдолд хяналт тавин үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж байна.
Мөн 2020 оны нэгдүгээр дүгээр улирлын тоон мэдээллийг 2019 оны нэгдүгээр улирлын тоон мэдээлэлтэй харьцуулахад нийт дуудлагын тоо 25.8 хувиар буурсан ч хэргийн тохиолдлын тоо 13,8 хувиар, хяналтанд байгаа хэргийн тохиолдлын тоо 38.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4.т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан. Иймээс эцэг эхчүүддээ хандан ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙГ уриалж байна.
Түүнчлэн коронавируст “COVID-19” халдварын цар тахлын энэ үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-д заасан чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлд, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласаар байна.
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл болон шийтгэлийг устгах гол арга гэж НҮБ-аас тодорхойлсон. Иймд аав ээж ТА хүүхдээ өөртөө итгэлтэй, сайн хүн болгож төлөвшүүлье гэвэл сэтгэл зүйчдийн өгч буй зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлээрэй.
Мөн та дараах аргуудыг хэрэглэж болох юм. Үүнд,
Хүүхэдтэйгээ ярилцах, ХАМТ БАЙХ ЦАГ ЗААВАЛ ГАРГААРАЙ
Та хүүхэдтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцсанаар таны хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд нь туслах юм.
Өөрөө ЗӨВ ҮЛГЭРЛЭ
Аав, ээж таны хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнийг ХҮҮХЭД тань даган дуурайдаг тул ТА үргэлж ЗӨВ ҮГ, ЗӨВ үйлдлээр үлгэрлэж байгаарай.
Хүүхдээ хүндэлж, МАГТАН САЙШАА
Хүүхдийнхээ хийсэн зөв үйлдэл бүрийг анзаарч, магтан сайшааж, урамшуулж бай. Магтуулсан хүүхэд өмнөхөөсөө ч илүү ихийг хийж, мэдэх гэсэн чинь хсэлтэй болдог юм.
Үглэхээс ТАТГАЛЗ
Та хүүхдэдээ нэг зүйлийг олон удаа, давтаж хэлэх бус харин намуун зөөлөн хоолойгоор нүд рүү нь харж байгаад ярилцах нь илүү үр дүнтэй
ЗОДОЖ ШИЙТГЭХЭЭС ТАТГАЛЗ
Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс аав, ээж та ХҮҮХДИЙНХЭЭ хийсэн АЛДААТАЙ үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, хийсэн буруу зүйл нь юу байсныг нь ойлгуулж, тэдэнд туслах нь чухал.